УИХ-ЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ТҮДГЭЛЗҮҮЛЛЭЭ

Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 04-р сарын 22-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ. 

Хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө ...” гэсэн заалт, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.1 дэх заалтын “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө …” гэсэн заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг хянан хэлэлцээд Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт болон Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн болохыг тогтоож, түдгэлзүүлэхээр шийдвэрлэлээ.

Түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн хоёр заалт:

6 дугаар зүйл.Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрх

6.1.Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй.

28 дугаар зүйл.Сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх

28.3.Дараах шаардлагыг хангасан нам, эвслийг бүртгэнэ.

28.3.1.Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн.

Эх сурвалж: https://ikon.mn/n/1v0t