ХУВИЙН ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИВ

Нийгмийн даатгалын багц хуулийг 1994 онд баталж 1995 оноос мөрдөж эхэлснээр хөдөлмөрийн насны бүх иргэн нийгмийн даатгалын харилцаанд шимтгэл төлж оролцох, үүнд ажил олгогч, төр тодорхой хэмжээгээр хамтран шимтгэл төлөх харилцааг зохицуулсан. Өнгөрсөн хугацаанд Нийгмийн даатгалын тухай хуульд 23, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 14 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх шимтгэл ногдуулах болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тодорхойлох эрх зүйн орчныг бүрдүүлэх, тэтгэвэр бодох жишиг цалинг тогтоох, тэтгэвэр тогтоолгоход баримталсан хөдөлмөрийн хөлснийг нэг удаа өөрчлөх боломжийг тэтгэвэр авагчид олгох зэрэг ажил олгогч, тэтгэвэр авагч, даатгуулагчийн эрх ашигт нийцсэн олон арга хэмжээг хуульчлан хэрэгжүүлсэн боловч тогтолцооны хувьд дорвитой шинэчлэл болоогүй байна.

Монгол улсад хувийн тэтгэврийн харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчин бүрдээгүй ч, зарим байгууллага хувийн тэтгэврийн сан байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байгаа ч эрх зүйн зохицуулалтгүйн улмаас хувийн тэтгэврийн санд мөнгө төлсөн даатгуулагч, ажилтны эрх ашиг зөрчигдөх, улмаар тухайн сан дампуурах тохиолдолд хэрхэх, эсхүл эрсдэлд орохоос хэрхэн сэргийлэх арга зам тодорхойгүй байгааг төслийн танилцуулгад дурджээ. Эдгээр санд холбогдох төрийн байгууллагаас зөвшөөрөл олгоогүй, тогтмол хяналт шалгалт хийдэггүй, засаглалын зохистой байдлыг хангасан эсэх нь тодорхой бус, үйл ажиллагаа санхүүгийн тайлан мэдээлэл нь гишүүд, олон нийтэд ил тод бус зэрэг шийдвэрлэвэл зохих асуудлууд байгаа юм байна. Эдгээр харилцааг одоогийн нийгмийн даатгалын багц хуулиар зохицуулах боломжгүй тул тусдаа хууль тогтоомжоор зохицуулах шаардлагатай гэж үзэн энэхүү хуулийн төслийг 10 бүлэг, 39 зүйлтэйгээр боловсруулжээ.

Тус хуулийн төсөлд Монгол Улсад тэтгэврийн олон давхаргат тогтолцоог нэвтрүүлэх, ахмад настан олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор төрийн бус өмчид тулгуурлан албан журмын болон сайн дурын тэтгэврийн тогтолцооны эрх зүйн үндсийг тогтоож, хувийн тэтгэврийн санг бий болгох, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулахаар тусгасан байна. Түүнчлэн хувийн тэтгэврийн хуримтлал бүрдүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, хувийн тэтгэврийн сан болон төрийн захиргааны байгууллагын эрх, үүргийг тодорхойлох, тэтгэврийн сангийн хөрөнгө оруулалтын удирдлагыг тогтоох, тэтгэвэр олгох харилцааг зохицуулах өөр болжээ.

Эх сурвалж: http://www.parliament.mn/n/bxcy