УЛСЫН ИХ ХУРЛЫН НАЙМ ДАХЬ СОНГУУЛИАР ШИНЭЭР СОНГОГДСОН ГИШҮҮД ТАНГАРАГ ӨРГӨЖ, БҮРЭН ЭРХЭЭ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганы тов тогтоосны дагуу Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд шинээр бүрдсэн Улсын Их Их Хурлын Анхдугаар чуулган өнөөдөр (2020.06.30) 12 цаг 50 минутад Төрийн ордны “Их Хуралдай” танхимд нээлтээ хийлээ. 

            Анхдугаар чуулганд Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулиар сонгогчдын итгэл хүлээж Улсын Их Хурлын гишүүнээр шинээр сонгогдсон 75 гишүүн хүрэлцэн ирж, чуулганы нэгдсэн хуралдааны танхимд суудлаа эзэлсэн байв. Энэ удаагийн сонгуулиар МАН 62, АН 11, “Та бидний эвсэл”-ээс 1, “Зөв хүн электорат” эвслээс 1, бие даан нэр дэвшигч 1 гишүүн сонгогчдын олонхын санал авч ялалт байгуулсан тул тэдэнд Сонгуулийн ерөнхий хороо гишүүний үнэмлэх олгосон юм.

            Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нээж үг хэлсэн бөгөөд чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу насаар хамгийн ахмад гишүүн Х.Баделхан анхдугаар чуулганыг даргалав. 

            Улсын Их Хурлын энэ удаагийн сонгуулиар 32 гишүүн сонгогчдын итгэл хүлээж анх удаа сонгогдсон бол өмнө нь УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан 6 хүн дахин сонгогдсон. Харин 2016-2020 оны Улсын Их Хурлын гишүүдээс 38 нь улиран сонгогдоод байна. 

            Улсын Их Хурлын нийт гишүүдийн 13 нь буюу 17.1 хувь нь эмэгтэй, хамгийн ахмад нь 66 настай, хамгийн залуу нь 33 настай байна. Нийт гишүүдийн 14  нь буюу 18.42 хувь нь хуульч, эрх зүйч, 21 нь буюу 27.63 хувь нь эдийн засагч, 12  нь буюу 15.79 хувь нь инженер, агрономич, 14 нь буюу 18.42 хувь нь улс төр, нийгмийн ухаан, урлаг, утга зохиолын, 9 нь буюу 11.84 хувь нь эмч, багш, 6 нь буюу 7.89 хувь нь бусад мэргэжлийн хүн сонгогджээ.

            Эцэст нь Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолыг баталснаар Анхдугаар чуулганы нээлтийн ажиллагаа өндөрлөж, үдээс хойших чуулганы хуралдаанаар УИХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэхээр тогтсон байна.  

 

Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс http://www.parliament.mn/n/uxcy