КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНД, ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, АЖЛЫН БАЙРЫГ ХАДГАЛАХ, ЭДИЙН ЗАСГИЙГ ИДЭВХЖҮҮЛЭХ БАГЦ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА

2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудыг тус тус баталсан байна.

Эдгээр хууль, тогтоолыг баталснаар дараах цогц асуудлыг зохицуулсан эрх зүйн орчныг бий болгосон байна. Үүнд:

1.Хүний амь нас, эрүүл мэнд, нийтийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлж, үүнд шаардагдах хөрөнгийг батлагдсан төсөвт зохицуулалт хийх, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжийн нэмэлт эх үүсвэр бүрдүүлэх замаар санхүүжүүлэх;

 2.Зарим шаардлагатай оношилгоо, эмчилгээний хэрэгсэл, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх;

 3.Төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдэд ажилладаг иргэдээс бусад иргэдийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд олсон цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдох хувь хүний орлогын албан татварыг чөлөөлөх;

4.Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас өөрөөс үл хамаарах шалтгаанаар, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон, мөн 2020 оны 2, 3 дугаар сарын үйл ажиллагааны борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 50 ба түүнээс дээш хувиар буурсан төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад аж ахуйн нэгжүүд ажлын байрыг хадгалж байгаа бол уг аж ахуйн нэгжийн даатгуулагч иргэнд 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ажилгүйдлийн даатгалын сангаас сар бүр 200.0 /хоёр зуун/ мянган төгрөгийн дэмжлэг олгох;

5.Сайн дураар даатгуулсан иргэний 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд түүний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү орлогод ногдох тэтгэвэр, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлж, даатгуулагчийг мөн хугацаанд шимтгэл төлснөөр тооцох;

 6.Үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байрыг хадгалсан, мөн хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан ирүүлсэн төрийн байгууллагаас бусад хуулийн этгээдэд ажиллаж байгаа даатгуулагчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөх ба даатгуулагчийг мөн хугацаанд шимтгэл төлснөөр тооцох;

7.Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогын нийт дүн нь өмнөх татварын жилд 1.5 тэрбум төгрөгөөс бага байсан төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад албан татвар төлөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд олсон орлогод ногдуулан тайлагнасан аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг чөлөөлөх;

8.2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ногдуулж тайлагнасан боловч хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад аж ахуйн нэгж, байгууллагыг Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан торгох шийтгэлээс чөлөөлөх;

9.2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн татвар төлөгчийг нэг удаа чөлөөлөх;

10.2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ,  хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлэх;

11.2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд стратегийн зарим хүнсний барааг импортлоход гаалийн болон импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх;

12.Ариутгал, халдваргүйжүүлэлт, эрүүл ахуйн горимд иргэдийг эрүүл, аюулгүй орчинд үйлчлүүлэх нөхцөл бүрдүүлсэн үйлдвэр, үйлчилгээний газруудыг үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжоор хангаж ажиллах;

13.Эдийн засгийг төрөлжүүлэх, дэмжих, ажлын байр бий болгох, нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулах зорилгоор гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээг идэвхжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээг авах, эх үүсвэр бүрдүүлэх гэрээ, хэлэлцээрийг байгуулах;

14.Дотоодын аж ахуйн нэгжийг дэмжих зорилгоор төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний сонгон шалгаруулалтыг хийхдээ нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгчийг шалгаруулах зарчим баримтлах зэрэг зохицуулалт болно.

Эх сурвалж: http://parliament.mn/n/y8co