ХУВИЙН БОЛОН УЛСЫН АЛЬ Ч ЭМНЭЛГИЙН ЭМЧИЙН БИЧСЭН ЖОРООР БҮХ ЭМИЙН САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМИЙГ ХУДАЛДАЖ АВАХ ТОГТОЛЦОО БҮРДЭНЭ
Дэлхий нийтийг хамарсан аюулт өвчин цар тахлаас үүдэлтэй урьдчилан тооцоолоогүй нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж боловсруулсан улсын төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн 2020 оны тодотголын төслийг дагалдуулж хууль, тогтоолын төслүүдийг өргөн мэдүүлсэн байна. Тухайлбал, эрүүл мэндийн салбарын санхүүжилт, тогтолцоонд шинэчлэл нэвтрүүлэх зорилгоор Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дагалдуулан өргөн мэдүүлжээ. Эрүүл мэндийн салбарт шинэчлэл хэрэгжсэнээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй чанартай, шуурхай хүргэх, эрүүл мэндийн байгууллагууд өмчийн хэлбэр, өвчин эмгэгийн төрлөөс үл хамааран шударгаар санхүүжих тогтолцоонд шилжих болно.
Монгол Улсын эрүүл мэндийн салбарт дахин шинэчлэлт хийх зохицуулалтууд төслүүдэд тусгагдсан байна. Өндөр хөгжилтэй орнуудын хангалттай орлоготой иргэд эрүүл мэндийн салбараас авч буй үйлчилгээнийхээ зардлын 10-11 хувийг халааснаасаа төлдөг бол манай улсын иргэд 32 хувийг төлдөг талаарх судалгаа, тооцоог олон улсын байгууллагаас гаргаж ирүүлсэн. Түүнчлэн эрүүл мэндийн зардал нь өрхийн амьжиргаанд хүндрэл болж туссаны улмаас жилд 20 мянга орчим өрх ядууралд өртдөг гэх баримтуудыг анхаарч, шинэчлэл хийхээр төлөвлөж байна.
Төслийн нэгжүүдийн хийсэн судалгааны дүнгээр манай улсад худалдаалагдаж буй эмийн 19 хувь нь улсын бүртгэлд бүртгэлгүй, 14 хувь нь стандартын бус байдаг. Түүнчлэн үнийн хувьд 60 орчим хувийн нэмэгдэлтэй иргэдэд худалдаалагддаг байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг байгуулагдсанаар чанар, бүтээгдэхүүний хяналтыг нэг сувгаар хийх, үнийг зохист хэмжээнд байлгах, эмнэлгүүдийн худалдан авалтыг нэгтгэн зохион байгуулалт хийдэг болсноор улсын төсөв хэмнэх, иргэдэд эм, эмнэлгийн хэрэгслийг чанартай үйлчилгээг хүргэх боломжийг бүрдүүлж байгаа юм.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар Эрүүл мэндийн даатгалын сан нь улсын болон хувийн эмнэлгийг сонгон гэрээ байгуулж, адил тарифаар санхүүжүүлэх зохицуулалттай болно. Энэ тохиолдолд улсын эмнэлэгт танил тал хайж, дугаар үүсгэн хүлээдэг байдал буурч, иргэд хүссэн эмнэлгээ сонгон үйлчлүүлэх боломжтой болох юм. Санхүүжилт нь өвчтөнөө дагаж явдаг тогтолцоо руу орох өөрчлөлт хийх төслийг өнөөдөр хэлэлцэж байна. Эмнэлгүүд чанараар өрсөлдөх, иргэд сонголтоо хийх боломжтой болох юм. Урьд нь иргэд өрх, сумын эрүүл мэндийн төв дээр эмийн жор бичүүлж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан эмийн сангаар үйлчлүүлдэг байсан, эмийн сан санхүүжилт дууссан нэрийдлээр чирэгдэл учруулдаг байсныг халж, бүх эмийн сангаас хувийн болон улсын аль ч эмнэлгийн эмчийн бичсэн жороор эмээ хөнгөлөлттэй үнээр хүлээлт, чирэгдэлгүй авдаг болно. Эмнэлгүүд Эрүүл мэндийн даатгалын сангаас гүйцэтгэлээрээ санхүүжиж эхлэхээр эмнэлгүүд эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлс, урамшууллыг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмж, техник хангамжаа сайжруулах шийдвэрүүдийг бие даан гаргах эрх зүйн орчин бүрдэнэ.
Ийнхүү Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.