Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдлаа.
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын татварын ачааллыг бууруулж, тайлагнах журмыг хөнгөвчлөх, ил тод, нээлттэй болгох, зарим татварын хөнгөлөлт үзүүлэх зорилгоор “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль”-ийн төслийг анх 2015 оны 1 дүгээр сард Улсын Их хуралд өргөн мэдүүлсэн боловч төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд зарчмын зөрүүтэй зарим асуудлаар төслийг хэлэлцэх боломжгүй гэсэн үндэслэлээр буцааж байжээ.
Улмаар Засгийн газраас 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр уг төслийг дахин боловсруулан өргөн барьсныг Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн нэгдсэн чуулганаар эцсийн хэлэлцүүлгийг хийн баталсан байна.
Уг танилцуулгыг 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн УИХ-д нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль”-ийн төслийн эцсийн найруулгыг ашиглан бэлдсэн бөгөөд “Төрийн мэдээлэл” сэтгүүлд албан ёсоор хэвлэгдээгүй байгаа болно.
Энэхүү хуулиар нийгмийн даатгалаас гадна үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл болон хуулийн этгээдийн бүртгэл, нягтлан бодох бүртгэлийн асуудлыг тусгаж, энэ чиглэлээр гарч байсан хуулиудаас илүү өргөн хүрээг хамарсан зохицуулалт оруулсан бөгөөд эдийн засгийн ил тод байдлыг бүрдүүлэх нэг удаагийн журмыг тодорхойлж өгсөн.
Хуулийн үйлчлэх хүрээ
Дараах хуульд заасан бүртгэлд хамрагдаагүй, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө:
1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль
2.Татварын ерөнхий хууль;
3.Нийгмийн даатгалын тухай хууль;
4.Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль;
5.Гаалийн тухай хууль;
6.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн зохицуулалтад хамаарах хувь хүн, хуулийн этгээд.
Хамрагдах субьект
Татварын ерөнхий хууль, тухайн төрлийн татварын хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд бүртгүүлэхээр, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу санхүүгийн тайлан гаргахаар заасан хуулийн зохицуулалтад хамаарах хувь хүн, хуулийн этгээдэд нь дараах нөхцөлийг хангасан бол уг хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдана. Үүнд:
- 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд зохих хууль журмын дагуу бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй хөрөнгө, орлого байх;
- Сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан байх;
- 2015 оны 12 дугаар сарын 31-ний дотор ил болгон бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан бол уг хууль үйлчилнэ.
Ил болгож мэдээлэх хугацаа
Уг хуулийг баталсан өдрөөс буюу 2015 оны 8 сарын 7-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх ба сайн дурын үндсэн дээр хөрөнгө, орлогоо ил болгож бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнах хугацаа нь хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусна.
Бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнах ажиллагаа
Сайн дурын үндсэн дээр албан татвар төлөгчөөр шинээр бүртгүүлсэн, эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн, санхүү, татварын тайлангаа шинээр тайлагнасан, хориглосноос бусад хилээр мэдүүлээгүй нэвтрүүлсэн бараагаа гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн хувь хүн, хуулийн этгээдийн бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнахаас өмнөх хугацаанд олсон албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ, үйл ажиллагаанд албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй.
Мөн нийгмийн даатгалд ажил олгогчоор шинээр бүртгүүлсэн, эсхүл нийгмийн даатгалын шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь бууруулснаа сайн дурын үндсэн дээр ил болгож, тайлагнасан нөхцөлд нуусан болон бууруулсан орлогод ногдох шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги, хариуцлагаас чөлөөлнө. Нийгмийн даатгалын байгууллагад ажил олгогчийн шинээр гаргаж өгсөн нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг нийгмийн даатгалын эхлэлтийн тайлан гэж үзнэ.
Нуун дарагдуулсан, бусдын нэр дээр бүртгүүлсэн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, орлогоо сайн дурын үндсэн дээр ил болгож мэдүүлсэн хувь хүн, хуулийн этгээдэд уг хууль мөн адил үйлчилнэ.
Албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлийг мэдүүлэх, нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг тайлагнах
Албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан боловч энэ хуульд заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болгож, санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг шинээр гаргаж харьяалах татварын алба, нийгмийн даатгалын байгууллагад сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн бол тухайн хувь хүн, хуулийн этгээдийг хуульд заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлнө.
Харьяалах гааль, татварын алба, харилцагч санхүүгийн байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр гаргаж өгсөн санхүүгийн болон татварын тайлан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн барааны мэдүүлгийг тухайн хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны эхлэлтийн тайлан, баланс, мэдүүлэг гэж тус тус үзэх бөгөөд эдгээр тайлан, мэдүүлэгт сайн дурын үндсэн дээр мэдүүлж шинээр тусгасан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлд албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй.
Энэ хуулийн дагуу чөлөөлөгдөх албан татварууд:
- аж ахуйн нэгжийн орлогын албан татвар;
- хувь хүний орлогын албан татвар;
- үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар;
- нэмэгдсэн өртгийн албан татвар;
- онцгой албан татвар;
- гаалийн албан татвар.
Эл хуулийг санаачлагч болох Монгол Улсын Засгийн газрын үзэж буйгаар:
- Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг баталж хэрэгжүүлсний үр дүнд илрээгүй байсан орлого, хөрөнгө ил гарч, тэдгээрийг хууль ёсны бүртгэл хяналтад оруулж, цаашид хууль тогтоомжийн дагуу татвар ногдох боломжтой болж, татварын суурь өргөсөх, санхүүгийн болон татварын хуурамч тайлангуудыг аливаа хүү, торгуульгүйгээр залруулж, зөв гольдрилд оруулах чиглэлээр бодитой үр дүн гарна.
Уг хуулиар иргэн аж ахуйн нэгжид олгож буй баталгаа
Энэ хуульд заасны дагуу хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх хувь хүн, хуулийн этгээдэд ийнхүү чөлөөлөгдөхөөр заасан үндэслэлээр дахин эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажил явуулахыг хориглохоор заасан.
Мөн хувь хүн, хуулийн этгээдэд холбогдох мэдээлэл, тэдний мэдүүлсэн санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн шинээр гаргасан тайлан, нөхөн мэдүүлсэн гаалийн мэдүүлэгт тус тус тусгасан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого, тэдгээрийн эх үүсвэр, хэмжээ, үнэ, өртгийг нууцлах бөгөөд нотлох баримт болгон ашиглахыг хориглохоор тус тус зохицуулсан байна.
Та бүхэнд сонирхуулахад өмнө нь УИХ-аас Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хууль(2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан), Татварын өршөөлийн тухай хууль (2008 оны 2 дугаар сарын 6-ны өдөр батлагдсан)-ийн дагуу 4621 татвар төлөгч 8145 тайлан ирүүлж, татвар төлөгчөөр нийт 748 иргэн, хуулийн этгээд шинээр бүртгүүлж, улмаар 4.5 их наяд төгрөгийн орлогод ногдох 431.6 тэрбум төгрөгийн татварыг Татварын өршөөлийн хуульд хамруулсан.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан нэмж мэдүүлсэн аж ахуйн нэгжийн судалгаанаас үзэхэд өршөөлийн хуулиар нэмж мэдүүлсэн орлогын 49.1 хувь нь бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчид байна. Боловсруулах аж үйлдвэр (14.6%) болон барилга (13.9%), уул уурхайн салбар (7.0%) Татварын өршөөлийн хуульд хамгийн ихээр хамрагдаж байсан байна.
"Монгол өмгөөлөгч" ХХН