МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН АНХ УДАА ЦАХИМААР ЯВАГДЛАА
Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы 2020.11.13-ны нэгдсэн хуралдаан 14 цаг 04 минутад цахимаар эхэлсэн юм. Нэгдсэн хуралдааны ирцэд 68 гишүүн цахимаар бүртгүүлээд байгааг хуралдаан даргалагч гишүүдэд мэдээлэв.
Улсын Их Хурлаас 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр шинэчлэн найруулж баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Онц байдал, дайн бүхий болон дайны байдал зарласан, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн, энэ хуульд заасан зарчмыг баримтлан асуудлыг хялбаршуулсан болон цахим хуралдааны дэгээр хэлэлцэж болно” хэмээн заагаад хуулийн 7 дугаар зүйлд “Цахим хуралдаан” гэсэн шинэ зохицуулалтыг тусгай бүлэг болгож оруулсан.
Энэ үндсэн дээр чуулганы хуралдааныг цахим хуралдааны программ ашиглан зохион байгуулах бөгөөд цахим хуралдааны программ нь Улсын Их Хурлын гишүүд, ажлын хэсгийн гишүүд байршлаасаа үл хамааран дүрсээ харан нэгэн зэрэг сонсох болон ярих, санал өгөх боломжтой байхаар зохицуулсан.
Иймээс коронавирус /КОВИД-19/-ын халдварт цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаас Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу тав хоногийн хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр шийдвэрлэсний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар Улсын Их Хурлын чуулганы хуралдааныг цахим хэлбэрт шилжүүлж, Улсын Их Хурлын гишүүд чуулганы хуралдааны "ИХ хуралдай" танхим болон байгаа газраасаа интернетэд холбогдсон гар утас, зөөврийн компьютер, iPad төхөөрөмжийн MyParliament программыг ашиглан ZOOM-ээр чуулганы нэгдсэн хуралдаанд оролцлоо.
Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу гишүүн товлосон цагт цахим хуралдааны программын ирцэд бүртгүүлэн хуралдаанд оролцох үүрэгтэй. Тухайн өдрийн хуралдаан эхлэхэд цахим хуралдааны программд бүртгүүлсэн гишүүнийг хуралдаанд хүрэлцэн ирснээр тооцож, хуралдааны ирцэд бүртгэнэ.
Гишүүн хуралдаанд үг хэлж, байр сууриа илэрхийлэх, тайлбар хийх, асуулт асуухдаа цахим хуралдааны программын мэдээлэл солилцох хэсэгт бичвэр томьёоллоор мэдэгдэн дараалалд орж хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр чанга яригч нээгдэхэд үг хэлж, асуулт асуухаар зохицуулсан.
Ингээд чуулганы цахим хуралдаанаар эхлээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан танилцуулсан юм.
Эх сурвалж: http://www.parliament.mn/n/qmpo