АСРАН ХАМГААЛАХ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧИЙГ ТОГТООХ ЖУРАМ
Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 8 дугаар бүлэгт Асран хамгаалах, Харгалзан дэмжих, Хүүхдийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх талаарх эрх зүйн харилцааг зохицуулсан байдаг.
Нэг. Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоох журмын тухай
Гэр бүлийн тухай хуульд зааснаар асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг дор дурдсан журмаар тогтооно. Үүнд:
1.эд хөрөнгийн зохих бололцоотой төрөл, садан буюу төрөл, садан бус хүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг нь үндэслэн сум, дүүргийн Засаг дарга асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоох;
2.асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоогдоогүй бол хүүхдийг нас, эрүүл мэндийн байдлыг нь харгалзан хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх;
3.харгалзан дэмжигч тогтоогдоогүй бол өндөр настан, тахир дутуу хүнийг асрамжийн газарт шилжүүлэх;
4.сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон хүнийг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт болон холбогдох байгууллагад шилжүүлэх журмаар тус тус тогтооно.
Хоёр. Асран хамгаалах, харгалзан дэмжих байгууллага
Хуульд асран хамгаалах харгалзан дэмжигч хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ гэж заасан байна.
Сум, дүүргийн Засаг дарга асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагааны талаар дараах эрх эдэлнэ. Үүнд:
1. асран хамгаалах, харгалзан дэмжвэл зохих хүний талаарх мэдээллийг хүлээн авч, нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр холбогдох материал бүрдүүлж асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, өөрчлөх тухай шийдвэр гаргах;
2. асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоогдоогүй хүүхдийг хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад, өндөр настан, тахир дутуу хүнийг асрамжийн газарт шилжүүлэх шийдвэр гаргах;
3. асрамж, дэмжлэгт байгаа хүн нэг бүрт хувийн хэрэг нээж хөтлөх;
4. хувийн хэрэгт асрамж, дэмжлэг тогтоосон тухай шийдвэр, эрүүл мэндийн талаарх эмнэлгийн байгууллагын магадлагаа, төрсний гэрчилгээ, эсхүл нас тогтоосон баримт бичиг, оршин суугаа газрын хаяг, төрөл, садангийн хүний тухай мэдээлэл, эд хөрөнгийн жагсаалт, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй хийсэн гэрээ болон шаардлагатай бусад материалыг хавсаргах;
5. асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй гэрээ байгуулж, биелэлтийг нь шалгах;
6. асрамж, дэмжлэгт байгаа хүний эрх, ашиг сонирхолд хохирол учирч болзошгүй бол асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс тодорхой хэлцэл хийхийг хориглох;
7. асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн буруутай үйл ажиллагаанаас асрамж, дэмжлэгт байгаа хүний эд хөрөнгөд хохирол учирсан нөхцөлд хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах зэрэг эрхийг эдлэнэ.
Гурав. Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг
· асрамж, дэмжлэгтээ байгаа хүнийг хоол, хүнс, орон сууцаар хангах, асран сувилах;
· асрамж, дэмжлэгтээ байгаа хүний эрх, ашиг сонирхлыг хамгаалах;
· асрамж, дэмжлэгтээ байгаа хүний мөнгөн хөрөнгө, үнэт зүйл, үнэт цаас, бусад баримт бичгийг банкинд хадгалуулах;
· асрамж, дэмжлэгтээ байгаа хүний үл хөдлөх эд хөрөнгө, мал, банкинд хадгалуулсан мөнгөн хадгаламж, бусад үнэт зүйлийг өөрт нь зориулан захиран зарцуулах, орон сууц хөлслөх гэрээг цуцлах, асрамж, дэмжлэгтээ байгаа хүний нэрийн өмнөөс шинээр аж ахуй эрхлэх, эрхэлж байгаа аж ахуйн ажлыг зогсоохдоо тухайн сум, дүүргийн Засаг даргаас зөвшөөрөл авах;
· хүлээсэн үүргийнхээ талаар тухайн сум, дүүргийн Засаг даргад жил бүр тайлагнах үүрэгтэй бөгөөд энэ зүйлд заасан үүргээ биелүүлэхдээ асрамж, дэмжлэгтээ байгаа /бага насны хүүхэд, сэтгэцийн өвчтэйгээс бусад/ хүний саналыг харгалзана.
Дөрөв. Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үйл ажиллагаанд сум, дүүргийн Засаг дарга хяналт тавих журам
· асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үйл ажиллагаа, түүнтэй холбогдсон баримт бичигтэй танилцах;
· асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн мэдэлд байгаа эд хөрөнгийн данс бүртгэлийг гаргуулж, түүний бүрэн бүтэн байдал, асрамж, дэмжлэгт байгаа хүний нэрийн өмнөөс эрхэлж буй аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцлийг шалгах журмаар хяналт тавина.
Мөн асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үйл ажиллагаатай холбогдуулан аливаа байгууллага, иргэн нь сум, дүүргийн Засаг даргад гомдол гаргах, мэдээлэл өгөх эрхтэй.
Тав. Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоож болохгүй хүн
Эцэг,эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан, өөрөө асран хамгаалуулж, харгалзан дэмжүүлж байгаа, мансууруулах бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдэг хорих ял эдэлж байгаа болон эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн, үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн хүнийг асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоохыг хориглосон байна.
Зургаа. Асран хамгаалагч, харгалзан дэмжих эрх, үүрэг дуусгавар болох
Хүүхдийг эцэг, эхэд нь буцаасан, хүүхдийг үрчлүүлсэн, эсхүл хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлсэн, хүүхэд насанд хүрсэн зэрэг тохиолдолд тухайн хүүхдийн өмнө хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүрэг дуусгавар болох ба асран хамгаалуулж байгаа хүүхэд 14 нас хүрмэгц асран хамгаалагч нь харгалзан дэмжигчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
Хэрэв асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь эрхээ урвуулан ашигласан, үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүүхдийг хараа хяналтгүй, эсхүл шаардлагатай тусламж үзүүлээгүй орхисон бол шүүх асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож, шинээр асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг шинээр тогтоох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэнэ гэж хуульд заажээ.
Монгол өмгөөлөгч ХХН