ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИЙН ХУВЬЦААГ БУСДАД ШИЛЖҮҮЛЭХ ЖУРАМ
Монгол Улсын Компанийн тухай хуульд заасны дагуу Хязгаарлагдмал хариуцлагатай компанийг дор дурдсан утгаар ойлгоно.
“компани” гэдэг нь Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг хэлнэ.
“хязгаарлагдмал хариуцлагатай компани” гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг компанийг хэлнэ.
Хязгаарлагдмал хариуцлагатай Компанийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд Монгол Улсын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д заасны заасны дагуу хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
1. Баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл,
2. Эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр,
3. Дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт,
4. Иргэний хуульд заасан холбогдох гэрээ,
5. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зэрэг болно.
Бүрдүүлэх баримтын жагсаалтыг авч үзвэл Эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэрийг компанийн үүсгэн байгуулагчид гарын үсэг зурж баталгаажуулах шаардлагатай. Иргэний хуульд заасан холбогдох гэрээний тухайд хувьцааг худалдах эсхүл үнэ төлбөргүй шилжүүлэх (бэлэглэх) гэрээ байгуулах боломжтой. Энэ тохиолдолд Монгол Улсын Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан”, 43.2.3-т “хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн.”, Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.8-д заасны дагуу “хувьцаа, бусад үнэт цаасыг бусдын өмчлөлд шилжүүлэх гэрээг нотариатч гэрчилнэ” хэмээн тус тус заасны дагуу хувьцаа шилжүүлэх гэрээнд талууд сайн дурын хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж, биечлэн нотариатаар гэрчлүүлсэнээр байгуулагдсанд тооцогдоно.
Хязгаарлагдмал хариуцлагтай компани нь нэг үүсгэн байгуулагчтай тохиолдолд:
Хувьцаа эзэмшигч нь өөрөө хувьцаагаа эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийн хүрээнд зөвхөн тухайн хувьцаа эзэмшигчийн сайн дурын, хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр түүний эзэмшлийн хувьцаа бусдад хуульд заасан хэлбэрээр шилжих боломжтой.
Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа нь хоёр ба түүнээс дээш тооны үүсгэн байгуулагчтай тохиолдолд:
Компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын үндсэн дээр нийт гишүүдийн санаалаар хувьцаагаа бусдад шилжүүлэх боломж нээгдэх бөгөөд тухайн тохиолдлуудад дээр дурдсан баримт бичгүүдийн хүрээнд Тухайн компанийн өөрчлөлтийн тухай холбогдох байгууллагад нь бүртгүүлэх нь зүйтэй болно.