ОХУ-ЫН ШҮҮХЭЭС COVID-19 ЦАР ТАХАЛ ҮЕД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭ
Дэлхий даяар дэлгэрээд буй COVID-19 цар тахал нь ОХУ-ын ерөнхий харьяаллын шүүхүүдийн үйл ажиллагааг зогсонги байдалд хүргэсэн. Тиймээс үүссэн нөхцөл байдал, шүүгч, шүүхийн ажилтнуудыг халдвар авах эрсдэлд оруулж болзошгүй гэж үзээд хэд хэдэн зохицуулалтыг хийсэн байна.
ОХУ-ын Дээд шүүх дээрх нөхцөл байдалтай уялдуулан дараах агуулга бүхий тогтоол гаргасан байна. Энэхүү тогтоолд шүүх иргэдийн хувийн баримт бичгийг үндэслэн хүлээн авах; хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч биш этгээдүүдийн шүүхийн ажиллагаанд оролцох эрхийг хязгаарлах; зөвхөн "яаралтай" шинж чанар бүхий хэргийг хянан шийдвэрлэх; баримт бичгийг зөвхөн цахим хэлбэрээр эсхүл шуудангаар хүлээн авах зэрэг асуудлыг тусгажээ.
Үүнээс гадна Дээд Шүүхээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг шинэ нөхцөлд хэрхэн тооцохыг тодорхой болгох, баривчлах ял бүхий эрүүгийн хэрэгт хязгаарлалт тогтоох арга хэмжээг зааж, тэнсэн суллах тухай өргөдлийг нэн яаралтай авч хэлэлцэх, цар тахлын үеийн зөрчлийн хэрэгт захиргааны болон эрүүгийн шинэ зүйл ангиудын зохицуулалтыг хэрхэн ялгаатай хэрэглэх нөхцлийг тогтоосон. Мөн шүүх хуралдаан танхимын эсхүл онлайн хэлбэрээр явагдахаас үл хамааран сонирхогч, сэтгүүлчдийг шүүх хуралдаанд оруулахгүй байхаар болжээ.
Дээрх зохицуулалт нь Дээд шүүх болон бусад шатны шүүхүүдэд илүү их боломж олгосон байна. Тэд өөрсдөө аль хэргийг яаралтай шийдвэрлэх ёстой гэж үзэх, алийг нь хойшлуулах; шүүх хуралдааныг танхимд явуулах эсхүл онлайнаар хэлэлцэх эсэх, ямар хязгаарлалтын арга хэмжээ авах зэргийг бие даан шийдвэрлэж байна. Энэ нь шүүх хуралдаанд оролцогчдын хувьд нөхцөл байдлыг урьдчилан таамаглах боломжгүй болгож, ижил төстэй хэрэг маргаанд олон янзын шүүхийн практик хэрэгжих урьдчилсан нөхцөлийг бүрдүүлж байна гэж үзсэн байна. Шүүхүүдэд бие даан шийдвэр гаргах эрх олгосон тул шүүгчид хуралдаанаа өөрийн үзэмжээр товлож, хойшлуулах боломжтой болсон.
Цар тахлын нөхцөл байдалд хэргийг цахимаар хянан шийдвэрлэх шаардлага үүссэн боловч шүүхийн өнөөгийн тогтолцоо нь энэ шаардлагад нийцсэн технологид бүрэн шилжихэд бэлэн биш байна. Шүүхүүд 2020 оны 4 дүгээр сараас эхлэн анх удаа цахимаар хурал зохион байгуулах өөрийн системийг ашиглаж эхэлжээ.
Цахим хуралдаан олон давуу талтай байдаг. Энэ нь цар тахал өвчинтэй холбоотой аюулгүй байдлыг хангахаас гадна цаг хугацаа, хөрөнгө хэмнэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шүүхийн үйл ажиллагаанд оролцох боломжийг нэмэгдүүлэх, шүүхийн үйл ажиллагааг оновчтой болгох зэрэг олон ач холбогдолтой юм.
Эх сурвалж: https://www.ridl.io/ru/rossijskie-sudy-obshhej-jurisdikcii-opyt-pandemii/