БНСУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРААС КОВИД-19-ИЙН ЭСРЭГ АВЧ БУЙ АРГА ХЭМЖЭЭ

БНСУ нь Ковид-19 вирусийн тархалт эхэлсэн анхны улсуудын нэг ба 2020 оны 2-р сарын дундаас вирусийн тархалт эхэлж, 8 дугаар сарын дундуур, 9 дүгээр сарын эхэн үед тархалтын эрс ихэссэн үе байсан[1] бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар БНСУ-д Ковид-19 вирусийн халдвар авсан нийт 31,735, эдгэрсэн хүний нийт тоо 26,825, нийт нас баралт 513 байна.[2]

БНСУ-ын Засгийн газрын зүгээс удирдлага, 3Тs (Testing- шалгах, Tracing-илрүүлэх, Treatments-эмчилгээ), цагаачлал, түүний урьдчилан сэргийлэх арга хэмжээ, нийгмийн арга хэмжээ, боловсрол, эдийн засаг, хилийн чанад дахь Солонгос иргэдэд тусламж үзүүлэх, олон улсын харилцаа гэсэн гол салбаруудад чиглэж, холбогдох арга хэмжээг цаг тухайд авч хэрэгжүүлж Коронавирусийн эсрэг тэмцэж байна.[3]

Хууль зүйн хүрээнд улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг зохицуулах зорилгоор Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх тухай хууль; Хорио цээрийн тухай хууль; Эмнэлгийн үйлчилгээний тухай хууль; Цагаачлалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг тус тус оруулж, холбогдох хариуцлагыг тус бүрд тусгаж өгчээ.    

БНСУ-ын Засгийн газар нь эдийн засгийн сэргэлтийг сайжруулах, Ковид-19 вирусийн тархалт дууссаны дараа эдийн засгийг тэргүүлэх хэмжээнд хүргэхийн тулд 3P (protecting-хамгаалалт, preserving-дэмжлэг, preparing-бэлтгэл) гэсэн эдийн засгийн бодлого барьж ажилласны үр дүнд БНСУ-ын Засгийн газар нь өнгөрсөн 3-р сараас 9-р сар хүртэлх хугацаанд дөрвөн интервалаар нийтдээ 66.7 их наяд ($57.4 ам.доллар) вонын төсөв нэмэлтээр төсөвлөсөн.  

БНСУ-ын Халдварт өвчний үндэсний сэрэмжлүүлэх систем (Korea’s National Infectious Disease Risk Alert System) нь 1-4 түвшинтэй ба БНСУ-ын Засгийн газар нийгмийн эрүүл мэндийн үнэлгээнд үндэслэн тухайн түвшинд тохируулан хариу арга хэмжээг авч ажилладаг.

Халдвар, хамгааллын чиглэлээр өвчтөнийг эмнэлэгт орохыг хориглох; Эмнэлэгт амьсгалын замын өвчтэй хүмүүсийг тусгаарлах; Хэрэв өвчтөн халуурах, ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрвэл өвчтөний уулзалтыг хориглох; Шилжилт хөдөлгөөнийг хаах зэрэг арга хэмжээг тус тус авч байгаа болно.

Эцэст нь, БНСУ-ын Ковид-19 вирусийн эсрэг тэмцэж буй арга хэмжээний ихэнх нь 2015 онд дэгдсэн Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж (MERS)-ийн тархалтыг даван туулсан үеийн туршлагын үр дүн, алдаа дутагдал болон төв, орон нутгийн засаг захиргааны хоорондын хамтын ажиллагааны үр дүнд бий болсон юм.[4]

 

 

оОо

 



[1]www.mois.go.kr

[2]www.worldometers.info/coronavirus/

[3] Солонгосын Ковид-19-ийн эсрэг арга хэмжээний тухай (All about Korea’s response to COVID-19), 2020.10.20-ны байдлаар, www.mois.go.kr

[4] Солонгосын Ковид-19-ийн эсрэг арга хэмжээний тухай (All about Korea’s response to COVID-19), 2020.10.20-ны байдлаар, www.mois.go.kr