ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС КОВИД-19 ВИРУСИЙН ЭСРЭГ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭ
Шинэ Зеланд Улсад 2020 оны 2 дугаар сарын сүүлээр Ковид-19 вирусийн анхны тохиолдол бүртгэгдэж, 3 дугаар сараас тархалт эрс ихэссэн байна[1]. 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр вирусийн халдвараар өвчилсөн хамгийн сүүлчийн хүн эдгэрч, эмнэлгээс гарсанаар Шинэ Зеланд Улс Ковид-19 вирусгүй улсаар тодорхойлогдож байсан бөгөөд 2020 оны 5 дугаар сарын 31-ний байдлаар шинээр халдвар илрээгүй байсан ажээ.
2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дотооддоо болон зөөвөрлөгдсөн ирсэн хүмүүсээсээс халдвар дахин илэрч, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар, Ковид-19 вирусийн халдвар авсан хүний тоо 2059, эдгэрсэн хүний тоо 1962, нас барсан хүн 25 болсон байна[2].
Шинэ Зеланд Улсын Засгийн газраас Ковид-19 вирусийн эрсдлийг хянан удирдах, багасгах зорилгоор үндэсний хэмжээнд “Alert систем буюу Сэрэмжлүүлгийн систем”-ийг 2020 оны 3 дугаар сард нэвтрүүлсэн. Энэ нь эрсдлийн түвшин ямар байгаа болон хууль тогтоомжид заасан журмын дагуу дагаж мөрдөх ёстой хязгаарлалтуудыг нэгдсэн журмаар хүмүүст ойлгуулж, тархалтыг зогсооход зориулагдсан бөгөөд тус системийг хот, нутгийн захиргааны байгууллага, үндэсний болон бүс нутгийн хэмжээнд хэрэглэж болно[3].
Засгийн газар нь Ковид 19-ийн эсрэг бэлтгэх, бууруулах, хязгаарлах, болон хөл хорио тогтоох гэсэн 4 түвшинтэй (түвшин бүрт өөр өөр арга хэмжээтэй) арга хэмжээг амжилттай авч хэрэгжүүлж байна. Үүнийг тодруулбал:
- Сэрэмжлүүлгийн 1-р түвшин буюу бэлтгэх үе шат:
- Аялал жуулчлалын салбарт хязгаарлалт тогтоох;
- Хавьталттай холбоотой менежментийн удирдамжийг хэрэгжүүлж, харилцаа холбооны компанит ажил эхлүүлэх (гар болон амьсгалын замын эрүүл ахуйг хангах талаар сурталчлах, шинж тэмдэг илэрвэл тусгаарлах);
- Цар тахлын үеийн орлогыг дэмжих, өр төлбөрөөс чөлөөлөх ажлыг зохион байгуулах зэрэг байна.
2. Сэрэмжлүүлгийн2-р түвшин буюу бууруулах үе шат:
- Хүн хоорондын зай барих;
- Өндөр эрсдэлтэй бүлэгт багтах хүмүүс (70-аас дээш настай)-т гэрээсээ гарахдаа урьдчилан сэргийлэх нэмэлт арга хэмжээ авахыг сануулах;
- 100-аас дээшгүй хүнтэй тодорхой цугларалт (хурим гэх мэт) хийхийг зөвшөөрөх зэрэг болно.
3. Сэрэмжлүүлгийн 3-р түвшин буюу хязгаарлах үе шат:
- Нийт хүн амд нэмэлт дэмжлэг үзүүлэх зорилгоор гэр бүлийн ойр дотно хүмүүсийн харилцааг дэмжих;
- Гэрээсээ ажиллахыг уриалах;
- Бизнес эрхлэгчид олон нийттэй харилцахгүй байх;
- Олон нийтийн газруудыг хаах;
- Эрүүл мэндийн үйлчилгээ, 10-аас дээшгүй хүнтэй цугларалт, бүс нутаг хооронд зайлшгүй явах аялал жуулчлал зэргийг зөвшөөрнө.
4. Сэрэмжлүүлгийн 4-р түвшин буюу хөл хорио тогтоох үе шат. Тус үе шатыг цар тахлын өргөн тархалтын үед авч хэрэгжүүлдэг.
- Хүмүүс зайлшгүй гарах шаардлагатайгаас бусад үед гэртээ байх.
- Аюулгүй, эрсдэлгүй орон нутагт амралт, чөлөөт цагаа өнгөрөөхийг зөвшөөрөх;
- Бүх цугларалт, уулзалтыг цуцлах, олон нийтийн газруудыг хаах;
- Үйлчилгээний газар буюу супермаркет, эмийн сан, эмнэлэг, шатахуун түгээх станц, аврах анги зэргээс бусад байгууллага, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг зогсоох;
- Боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох зэрэг орно.
Дээрх бүх сэрэмжлүүлгийн түвшинд эрүүл мэндийн үйлчилгээ, онцгой байдлын газар, нийтийн хэрэглээний газар, бараа тээвэрлэлт зэрэг шаардлагатай үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хэвийн үргэлжүүлж байна.
Түүнчлэн, Шинэ Зеланд Улсын Эрүүл мэндийн яам нь “NZ COVID Tracer” гэдэг гар утасны аппликейшнийг 2020 оны 5 сарын 20-ны өдөр хэрэглээнд оруулсан байна. Энэ нь албан ёсны QR код байрлуулсан газруудад очих бүрт тус кодыг уншуулах, тухайн өдөрт хаана явж байгаагаа тэмдэглэх, мөн вирус тээж яваа хүний мэдээлэл очих зэргийг тусгасан тусгай технологи юм. Тус аппликейшний зорилго нь вирусийн халдвар авсан байх магадлалтай бүх хүмүүсийг тогтоох, ингэснээр тэдгээрийн гинжин холбоог хурдан илрүүлж, таслан зогсооход оршино.[4]