БАРЬЦААЛБАР ТҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны /ҮХЭХБ/ тухай хуулийн гуравдугаар бүлэгт барьцаалбар, барьцаалбарын агуулга, барьцаалбар үйлдэх, барьцаалбарын эрхийг хэрэгжүүлэх, барьцаагаар хангагдах үүргийг гүйцэтгэх талаар хуульчилсан.

            Тус хуульд зааснаар Барьцаалбар гэдэг нь барьцаагаар хангагдсан мөнгөн төлбөрийн үүргийн биелэлтийг хүлээн авах, шаардах болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрхийг гэрчилсэн үнэт цаас юм. Барьцаалбар нь дор дурдсан эрхийг гэрчилдэг. Үүнд:

- өөр нотолгоо шаардахгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийн барьцаагаар хангагдсан мөнгөн төлбөрийн үүргийн биелэлтийг хүлээн авах шаардах эрх;

- үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх болно.

Хуульд заасан үндэслэлээр эсхүл үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн хооронд байгуулагдсан гэрээний үндсэн дээр барьцаалбарын эрх үүснэ.

Барьцаалагч нь барьцаалбарыг худалдах, барьцаалах зэргээр бусдад шилжүүлж болно.[1]

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд зааснаар иргэн хувийн өмчийн газар эсхүл түүнтэй холбоотой эрхийг барьцаалсан буюу түрээсэлсэн бол барьцаалбар үйлдэх, бүртгүүлэхийг хориглодог ба хуульд заасан тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгөд барьцаалбар үйлдэнэ. Тухайлбал: Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, зээл төлбөр тооцооны тухай хуулийн 29.5 дахь хэсэгт “иргэн хуулийн этгээдэд олгох зээлийн гэрээний үүргийг баталгаажуулж үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан тохиолдолд хуульд заасан журмаар барьцаалбарыг үйлдэнэ” гэж хуульчилж өгсөн байдаг.

Барьцаалбарын зүйлийг ҮХЭХБ-ны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс гадуур, эсхүл шүүхийн журмаар худалдаж болно. Энэ тохиолдолд барьцаалагч, барьцаалуулагч харилцан тохиролцож сонгосон, ийнхүү тохиролцоогүй бол барьцаалагчийн сонгосон үл хөдлөх эд хөрөнгө худалдах асуудлаар мэргэшсэн, хөндлөнгийн хуулийн этгээд гэрээний үндсэн дээр зохион байгуулна.

Барьцаалуулагч нь үүргээ биелүүлэгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаааны зүйлээс хангуулахаар шаардах эрхтэй ба энэ тухайгаа барьцаалуулагч болон үүрэг гүйцэтгэгчид бичгээр мэдэгдэнэ.

Барьцаалуулагч болон үүрэг гүйцэтгэгч нь мэдэгдэлд заасан хугацаанд хариу өгөөгүй буюу үүргээ биелүүлээгүй бол барьцаалагч нь барьцааны зүйлийг худалдах ажиллагааг эхлүүлнэ. 

         Мэдэгдэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар баталсан маягтаар хүргүүлэх бөгөөд дараах тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах тухай мэдэгдэлийг хүргүүлсэн гэж үзнэ:

- Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагчид өөрт нь гардуулсан;

- Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагчид өөрт нь гардуулах боломжгүй байсан бол гэрээнд заасан, эсхүл иргэний үнэмлэхэд заагдсан хаягаар нь баталгаат шуудангаар хүргүүлсэн;

- Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагчид мэдэгдлийг гардуулж чадаагүй тохиолдолд үндэсний хэмжээний өдөр тутмын сонинд нийтлүүлсэн. Сонинд нийтлүүлэх шаардлага нь сонины нүүрийг найм хуваасны нэгээс багагүй хэмжээтэй байна.

Дээрх журмаар барьцаалуулагчид хүргүүлээгүй тохиолдолд мэдэгдэлийг хүргүүлсэнд тооцохгүй юм.

            Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2010 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн № 290 тушаалаар “Барьцаалбар”-ын загвар, ”Барьцааны зүйлийг худалдах тухай мэдэгдэл”-ийн загвар, “Барьцаалбарыг баталгаажуулах үнэт цаас”-ны загваруудыг баталсан бөгөөд http://www.legalinfo.mn вэб сайтын Засгийн газрын агентлагийн даргын тушаал хэсгээс үзэх боломжтой.



[1] ҮХЭХБ тухай хууль 38 дугаар зүйл. /2009.07.09/