СИНГАПУР УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС КОВИД-19 ВИРУСИЙН ЭСРЭГ АВЧ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААРХ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Сингапур Улс нь Зүүн Өмнөд Азийн болон дэлхийн хэмжээнд Ковид-19 вирусийн халдварын улмаас нас барсан хүний тоогоор хамгийн бага үзүүлэлттэй улс бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Сингапурт корона вирусийн халдвар авсан нийт 58,228 хүн, эдгэрсэн 58134, нас барсан 29 хүн бүртгэгдсэн байна[1]. Ковид-19-ийн халдвар авсан тохиолдлуудын 95% нь цагаач ажилчид бөгөөд тэдгээрийн ихэнх нь 20-30 насны, давчуу дотуур байранд амьдардаг, барилга болон хөлөг онгоцны үйлдвэрт хөдөлмөр эрхэлдэг цагаачид байжээ[2].
Сингапурын Засгийн газраас Ковид-19-ийн эсрэг дараах арга хэмжээг авсан байна[3]. Үүнд:
- Дотуур байранд амьдардаг бүх цагаач ажилчдыг 2020 оны 8-р сарын 7-ны өдрийн дотор Ковид-19-ийн шинжилгээнд хамруулсан.
- Зарим төрлийн аяллыг зөвшөөрсөн бөгөөд Сингапур улсад нэвтрэх, зөвшөөрөгдсөн аяллын дагуу богино хугацааны визтэй иргэдээс Ковид-19-ийн хариу эерэг гарсан тохиолдолд тухайн аялагчид эмнэлгийн төлбөрөө өөрсдөө хариуцахаар зохицуулсан.
-
Дийлэнх үйл ажиллагааг цахим хэлбэрээр үргэлжлүүлэн явуулах боловч хурим хийх эсхүл 50-иас дээшгүй хүмүүсийн цугларалтыг шаардлага хангасан нарийн зохион байгуулалттай хийж болохоор зохицуулжээ.
Сингапурын Засгийн газраас Ковид-19-ийн эсрэг авч буй арга хэмжээний хүрээнд иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлэх дараах схемийг нэвтрүүлсэн[4]:
- Түр зуурын тусламжийн сан: Ковид-19-ийн улмаас ажилгүй болсон байнгын оршин суугчид болон орлогынхоо дийлэнх хэсгийг олох боломжгүй болсон иргэдэд туслах санг 2020 оны 4-р сар хүртэл ажиллуулсан.
- Ковид-19 дэмжлэгийн буцалтгүй тусламж: Цомхотголд орсон эсвэл гэрээ цуцлагдсаны улмаас ажилгүй болсон, багадаа гурван сар дараалан цалингүй чөлөөтэй байгаа Сингапур улсын иргэд, гурван сар дараалан сарын цалинг нь 30-аас доошгүй хувиар бууруулсан иргэдэд тусламж үзүүлсэн.
- Зоригийн тусгай сан: Тус сан нь гэр бүлийн гишүүн нь COVID-19-өөр өвчилсөн, бага орлоготой өрхүүдэд чиглэсэн ба гэртээ байх тухай мэдэгдэл авсан, ажлаас халагдсан иргэд эсхүл гэрийн хорио цээрийн дэглэмд байх хэрэгтэй болсон иргэдэд зориулсан тусламжийн санг ажиллуулсан байна.
Сингапур Улс 2020 онд Ковид-19-ийн үед авах түр арга хэмжээний тухай хууль баталсан. Олон яамны системийн ажлын албанаас Ковид-19 вирусийн тархалтыг таслан зогсоохын тулд хүн тус бүрт гэрээс гарахдаа заавал маск зүүхийг анхааруулсан.[5] Хэрэв иргэд гадуур явахдаа маск зүүгээгүй тохиолдолд эхний удаагийн үйлдэлд 300 Сингапур доллар, тус зөрчлийг давтан үйлдсэн тохиолдолд 1000 Сингапур долларын торгууль ногдуулахаар зохицуулсан байна.
[1] https://covid19.who.int/region/wpro/country/sg
[2] https://www.reuters.com/article/health-coronavirus-singapore-explainer-idUSKBN2680TF
[3] https://www.gov.sg/article/further-steps-towards-a-new-covid-normal
[4]https://www.gov.sg/article/financial-support-to-help-singaporeans-affected-by-covid-19
[5] COVID-19 (Temporary Measures) (Control Order) Regulations 2020 3A(2)