ИХ БРИТАНИ УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ВАНТ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС КОВИД-19-ИЙН ЭСРЭГ АВЧ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс (ИБУИНВУ)-д 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Ковид-19 вирусээр өвчилсөн анхны тохиолдол батлагдсан байна[1]. Үүний дараа “Diamond Princess” усан онгоцны нийт 621 зорчигч халдвар авсан бөгөөд 2020 оны 2 дугаар сарын сарын 28-ны өдөр Ковид-19 вирусээс болж нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ. ИБУИНВУ-ын Засгийн газар Ковид-19 вирусийн өвчлөл бүртгэгдсэн цагаас эхлэн Ковид-19-ийн эсрэг шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж байна

 

Тухайлбал, 2020 оны 3-р сараас эхлэн ард иргэдэд олон улсын аялал жуулчлал, аяллын хөлөг онгоцоор аялахгүй байхыг зөвлөсөн. Улмаар 2020 оны 3-р сарын сүүлчээр ард иргэдийг гэртээ байх, нийгмийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах ажлыг орон даяар эхлүүлж, хүмүүсийг хоорондын зай барихыг шаардах зэрэг арга хэмжээг авч эхэлсэн. ИБУИНВУ-д 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар корона вирусийн халдвар авсан өвчтөний нийт тоо 1,629,657, нас барсан хүний нийт тоо 58,448 болсон байна[2].

 

Засгийн газраас Ковид 19-ийн эсрэг хязгаарлах, хойшлуулах, бууруулах гэсэн 3 үе шаттай, үе шат тус бүртээ иргэдийн эдлэх эрх, хүлээх үүргийг нарийвчлан тодорхойлсон үйл ажиллагааны төлөвлөгөө[3] баталж хэрэгжүүлсэн. Одоогийн байдлаар, 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд мөрдөгдөх Үндэсний хэмжээний шинэ хязгаарлалтын зөвлөмжийг батлан хэрэгжүүлж байна[4].

Энэхүү зөвлөмжийн агуулгыг товч дурдвал:

  1. Гэртээ байх;

2.   Хамт амьдардаггүй хүмүүстэй уулзахаас зайлсхийх;

3.   Тодорхой бизнесийн болон бусад газруудын үйл ажиллагааг хаах зэрэг юм.

 

            Тус зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь вирусийн тархалтын хурдыг бууруулж, сургууль, коллеж, болон их дээд сургуулиудыг нээлттэй байх нөхцөлийг бүрдүүлж, аль болох үргэлжлүүлэн ажиллах боломжоор олон хүмүүсийг хангах явдал юм хэмээн мэдээлсэн байна.

 

Цар тахалтай үеийн нөхцөл байдлыг зохицуулах зорилгоор Парламентаас Коронавирусийн тухай хууль[5]-ийг 2020 онд батлагдсан байна. Энэхүү хууль нь Засгийн газарт эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээний чиглэлийн хүний нөөцийг нэмэгдүүлэх, ажилчдын ажлын ачааллыг хөнгөвчлөх, вирусийн дэгдэлтийг бууруулах, нас барсан хүмүүсийг хүндэтгэлтэйгээр оршуулах ажлыг зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг зохицуулахад чиглэгджээ.

ИБУИНВУ-ын Засгийн газар нь 2020 оны 12 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн Ковид 19-ийн эсрэг дараагийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд уг арга хэмжээний хүрээнд улсынхаа нутаг дэвсгэрийг бүхэлд нь Tier 1 (дунд зэргийн сэрэмжлүүлэгтэй), Tier 2 (маш өндөр сэрэмжлүүлэгтэй) болон Tier 3 (өндөржүүлсэн бэлэн байдалтай)[6] гэсэн байдлаар хувааж, тус бүрд тохирсон арга хэмжээг хэрэгжүүлэх талаар мэдээлсэн байна.



[1] https://bfpg.co.uk/2020/04/covid-19-timeline/

[2] https://coronavirus.data.gov.uk/

[3] https://www.covid19healthsystem.org/countries/unitedkingdom/countrypage.aspx

[4]https://www.gov.uk/guidance/new-national-restrictions-from-5-november?priority-taxon=774cee22-d896-44c1-a611-e3109cce8eae#national-restrictions-from-5-november

[5] https://www.legislation.gov.uk/ukpga/2020/7/contents

[6] https://www.gov.uk/guidance/local-restriction-tiers-what-you-need-to-know