“МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ 2024 ОН ХҮРТЭЛ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ” УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛ БОЛОН ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын, Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг (2020.12.01) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өргөн мэдүүлэв.
Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл: Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зохицуулалтыг боловсронгуй болгох, цахим болон харилцаа холбооны бусад сүлжээ, өргөн нэвтрүүлэг, олон суваг дамжуулагч, дуу хөгжим, дуу авиа бүхий дүрст бүтээлийн эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох, зохиогч, эрх эзэмшигчийн эрхийг төлөөлөн хэрэгжүүлэх хамтын удирдлагын байгууллагын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, зохиогчийн эрхийн зөвшөөрөл шаардагдахгүй байх онцгой нөхцөлийг нарийвчлан тодорхойлох шаардлага үүссэн хэмээн үзэж төслийг боловсруулан, дараах шинэлэг зохицуулалтыг тусгасан байна.
Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл: Хууль хоорондын зөрчил, хийдэл үүсгэхгүй байх үүднээс 2006 онд батлагдсан Патентын тухай хуулийг Оюуны өмчийн тухай хуулийн үзэл баримтлал, зохицуулалтад нийцүүлэх, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 141-д “Патентын тухай хуульд Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас өгсөн саналыг үндэслэн патентын эрхийн хамгаалалтыг дэлхий дахины чиг хандлага, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн боловсронгуй болгох” гэж тусгасны дагуу Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл: Барааны тэмдгийн эрхийн хамгаалалтын үйл ажиллагаа бүрэн цахимжсантай холбогдуулан барааны тэмдгийн мэдүүлэг гаргах, мэдүүлэгт шүүлт хийх, бүртгэлд бүртгэх, бүртгэлд өөрчлөлт оруулах, нийтлэх зэрэг үйл ажиллагааг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенц, хэлэлцээр, гэрээ зэрэг олон улсын гэрээнд хэлэлцээрт нийцүүлэх, давамгайлах огнооны эрхийн зохицуулалт, барааны тэмдэг, газар зүйн заалтыг ашиглах хугацаанаас хамааруулан хүчингүй болгох, мэдүүлгийн шүүлтийн шатанд гуравдагч этгээдээс эсэргүүцэл гаргах нөхцөлийг тодорхойлох зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах шаардлага үүссэн байна. Түүнчлэн хууль хооронд зөрчил, хийдэл, давхардал үүсгэхгүй байх үүднээс төслийг боловсруулжээ
Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл: Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурал 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхэлсэн. Тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д төрийн албанд захирах, захирагдах ёсыг баримтлахаар заасныг хэрэгжүүлэх зорилгоор төслийг боловсруулсан байна. Түүнчлэн Улсын Их Хурлын шийдвэрээр удирдлагыг нь томилдог байгууллагын дэд даргыг тухайн байгууллагын дарга томилж байгаа жишгийг харгалзан Авлигатай тэмцэх газрын дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилохоор заасан Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн зохицуулалтыг өөрчилж, дэд даргыг Авлигатай тэмцэх газрын дарга томилдог байхаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
“Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл: Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл”-ийн төсөлд Засгийн газрын гишүүд, түүнчлэн Улсын дээд шүүх, Улсын прокурорын ерөнхий газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хуульчдын холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг холбогдох байгууллагаас санал авч нэгтгэсэн байна.
“Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн төслийг хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын төсөл гэсэн хоёр үндсэн хэсэгтэйгээр боловсруулжээ. Төсөлд хуулийн 149 төсөл, Улсын Их Хурлын тогтоолын 12 төслийг боловсруулж өргөн мэдүүлэхээр тусгасан байна.
Үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан 149 хуулийн төслөөс 2020 онд 34, 2021 онд 82, 2022 онд 21, 2023 онд 12, Улсын Их Хурлын 12 тогтоолын төслийн 3-ыг нь 2020 онд, 3-ыг нь 2021 онд, 2022 онд 4, 2023 онд 2 тогтоолын төслийг боловсруулж өргөн мэдүүлэхээр заажээ. Үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан 149 хуулийн төслийн 54 нь шинэчилсэн найруулга, 43 нь анхдагч хуулийн төсөл, 42 нь хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 10 нь олон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төсөл юм байна.
Эх сурвалж: http://parliament.mn/n/zrbyn