ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГ АЖИЛ ОЛГОГЧИЙН САНААЧЛАГААР ЦУЦЛАХАД АНХААРАХ ЗҮЙЛС

Ажил олгогчийн санаачилгаар ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх шийдвэр гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлийг шийдвэртээ зөв бичих шаардлагатай.

Хөдөлмөрийн тухай хуулийн дараах үндэслэлүүдийг ажлаас чөлөөлөх шийдвэрт бичнэ. Үүнд:

1. Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн;

“Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан”  гэдэгт дараах үндэслэл хамаарна.

·  өмчлөгч буюу түүнээс эрх олгосон байгууллагын шийдвэр, түүнчлэн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэр гарсан;

·  дампуурсанд тооцсон, хуулийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хуульд заасан бусад үндэслэлээр татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан;

· үйл ажиллагаа явуулах хугацаа дууссан буюу зорилгодоо хүрсэн учир цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх шаардлагагүй гэсэн өөрийнх нь шийдвэр гарсан;

· хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан;

· хуульд заасан бусад үндэслэл.

Мөн зүйлийн “орон тоо хасагдах” гэдгийг тухайн байгууллагын бүтцээс хамаарч тодорхой албан тушаалын байр байхгүй болохыг, “орон тоо цөөрүүлэх” гэдгийг ажил албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасгахыг тус тус ойлгоно.

   2. Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон;

“Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон” гэдэгт салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, болон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр  хамаарахаар заасан байна.

   3. Ажилтан 60 нас хүрч өндөр настны тэтгэвэр авах эрх үүссэн;

   4.Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан;

“Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус  тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүйгээс гадна давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 /нэг/ жилээс, хүлээгээгүй бол 6 /зургаан/ сараас хэтрээгүй байна.

Ноцтой зөрчил” гэдэгт ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх ашиг, сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино.

   5.Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон;

Ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй” гэж хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон байхыг ойлгоно.

Мөн хэсгийн “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан” гэж ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтад бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтныг хамруулан ойлгохоор заажээ.

Дээрх үндэслэлээр ажилтныг ажлаас халах үед үндэслэл нь хуульд нийцсэн байх ба Гүйцэтгэх захирлын тушаал гарсан байна. Ийнхүү ажлаас халагдсан ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан  өдөрт нь өгөх үүрэгтэй.

Хоёр. Мэдэгдэл өгөх

Ажил олгогч өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээ цуцлах болсон тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх ба аж ахуй нэгж, түүний салбар, нэгж, татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах болсон тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж баталгаажуулна.

Гурав. Ажлаас халагдсан ажилтанд тэтгэмж өгөх тухайд

Ажилтан цэргийн жинхэнэ албанд татагдсан, аж ахуйн нэгж, түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн, ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон, ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тохиолдолд ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохоор хуульд заасан байна.