АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА МӨРДӨГДӨЖ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн нэгдсэн чуулганаар шинэчлэн баталсан Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэллээ.

            Архивын тухай анхны хууль 1998 онд батлагдсанаас хойш 22 жилийн дараа ийнхүү шинэчлэгдэн батлагдаж байна юм.

            Энэхүү хуулийн төслийг боловсруулахдаа ОХУ, АНУ, Япон, БНХАУ, Эстони, ХБНГУ зэрэг архив, албан хэрэг хөтлөлтийн талаар олон арван жилийн түүх, соёлтой улс орнуудын хууль тогтоомж, олон улсын стандартыг харьцуулан судлахын зэрэгцээ өөрийн орны архив, бичиг соёлын түүхэн уламжлал, архивын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд гарч буй ололт, амжилт, туршлагад тулгуурлажээ.

            Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 7 бүлэг 51 зүйлтэй. Уг хуулийн гол онцлог нь албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг анх удаа хуулийн хэм хэмжээгээр зохицуулахаар тусгасанд оршиж байгаа бөгөөд баримт бичигтэй ажиллах талаар төрийн албан хаагчдын хариуцлагыг дээшлүүлэх, үндэсний архивын сан хөмрөгт хамаарах баримтын зэрэглэл тогтоох, тоо бүртгэл-мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, цахим албан хэрэг хөтлөлт, цахим архивын талаарх хэм хэмжээг шинэчлэх зохицуулалтыг хуульчилснаар архивын үйл ажиллагаа улсын хэмжээнд нэгдсэн тогтолцоогоор явагдах боломж бүрдэж байна гэжээ.

Хуульд шинээр төрийн бус байгууллага, хувийн хэвшил, аж ахуй нэгжийн архивын баримтыг хадгалах үйлчилгээг бий болгох, төрийн архивын мэргэжлийн, мэргэшсэн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор мөнгөн урамшуулал олгох талаар тусгасан нь ажилтнуудын нийгмийн баталгааны асуудлыг шийдвэрлэх чухал зүйл болсон байна.

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотой  Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай, Төрийн болон албаны нууцын тухай, Соёлын өвийг хамгаалах тухай, Компанийн тухай, Төрийн бус байгууллагын тухай, Ус цаг уур, орчны хяналт, шинжилгээний тухай, Тагнуулын байгууллагын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Олон нийтийн радио, телевизийн тухай, Нотариатын тухай, Барилгын тухай, Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай, Зөрчлийн тухай зэрэг 16 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Эх сурвалж: http://www.archives.gov.mn/content/435