ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ГЭЖ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ҮЗЛЭЭ
2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг өөрчилсөн бөгөөд үүнтэй холбогдуулан “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”-аар дараах 2 асуудлыг зохицуулсан байна. Үүнд:
1. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон, шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан гэмт хэргийг сэргээн шалгаж
2. Мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй бөгөөд Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй гэжээ.
Улмаар уг хуулийг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөрчсөн гэсэн агуулга бүхий мэдээллийг Үндсэн хуулийн цэцэд гаргасан бөгөөд уг мэдээллийг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцээд Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзжээ. Үндсэн хуулийн цэцээс зөрчсөн гэж үзсэн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлажээ. Үүнд:
- Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу эрх бүхий этгээд болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээн шалгахаар тогтоосон нь иргэдийн эрх зүйн байдлыг дордуулах нөхцөлийг бүрдүүлсэн
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой төрлийн гэмт хэргийг тухайлан зааж өөр журам тогтоосон нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын эрх тэгш байх зарчмыг хууль батлах замаар зөрчих буруу жишиг тогтох үр дагавартай
- Уг хуулийн агуулга нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тэгш эрхийн зарчим болон хуулийн дагуу эцэслэн шийтгүүлсэн буюу цагаатгагдсан хэнийг ч тэрхүү гэмт хэргээр нь дахин шүүх буюу шийтгэх ёсгүй талаарх заалтыг хөндсөн
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах агуулгатай зохицуулалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгахгүйгээр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хэрэглэх боломжгүй гэж тус тус дүгнэсэн байна.
Эдгээр үндэслэлүүдээр Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн Хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 10 дугаар зүйлийн 2, 14 дүгээр зүйлийн 1, 19 дүгээр зүйлийн 1, 70 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэн уг хуулийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.