ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ БОЛОН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙГ БАТАЛЛАА
Улсын Их Хурлын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 68 гишүүний 52 нь буюу 76.5 хувь нь дэмжиж батлагдсан байна.
Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлах санал хураалт явуулахад гишүүдийн 65.2 хувь дэмжиж, хууль батлагдсан юм. Хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай, Монгол Улсын татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд мөн батлагдлаа.
Эх сурвалж: http://parliament.mn/
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс