ӨМЧИЙН ХЭЛБЭР ХАРГАЛЗАХГҮЙГЭЭР ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНУУДАД ТӨЛБӨРИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар Ковид-19 цар тахлын улмаас Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын болон өндөржүүлсэн бэлэн байдлын үед гэр бүл, иргэдийн санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан дотоодын их, дээд сургууль, коллежид суралцаж буй оюутнуудын сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлэх чиглэлээр тулгамдсан асуудлыг хэлэлцэн өмчийн хэлбэр харгалзахгүйгээр их, дээд сургууль, коллежид суралцагч оюутнуудад сургалтын төлбөрийн дэмжлэгийг дараах хоёр хэлбэрээр үзүүлэхээр шийдвэрлэлээ.
Нэг. Засгийн газрын 2018 оны 46 дугаар тогтоолоор баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам”-д 2020 оны 4 дүгээр сард өөрчлөлт оруулан, Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн 37 мэргэжил болон төгсөгчдийн сүүлийн 4 жилийн хөдөлмөр эрхлэлтийн хувийг харгалзан зээл авах оюутан, суралцагчийн хяналтын тоог тогтоохоор болсон. Гэсэн хэдий ч цар тахлын онцгой нөхцлийг харгалзан үзэж Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлээс бусад мэргэжлээр суралцаж байгаа оюутанд суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор нэг удаагийн арга хэмжээ болгон сургалтын төлбөрийн зээлийг 2021 оны батлагдсан төсвийн хүрээнд багтаан олгохоор,
Хоёр. Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолоор батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д 2020 оны 70 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан. Энэхүү журамд зааснаар зөвхөн төрийн өмчийн дээд боловсролын байгууллагын сувилагч мэргэжлээр дээд боловсролын дипломын болон бакалаврын хөтөлбөрт элсэгчид дэмжлэг үзүүлэхээр заасан байсан боловч төрийн өмчийн бус сургуульд суралцаж буй оюутанд дэмжлэг мөн үзүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн тус хөтөлбөрийн элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтын 501-ээс дээш оноо авсан бол энэхүү дэмжлэгийг 100 хувь эдлэхээр заасан байсан бөгөөд энэхүү ерөнхий шалгалтын онооны босгыг 450 болгон өөрчилсөн байна.
Эх сурвалж: https://www.meds.gov.mn/?p=7753