ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИЙН БАНК БОЛОН ББСБ-ААС АВСАН ЗЭЭЛИЙН ХҮҮГ 50-ИАС ДООШГҮЙ ХУВИАР БУУРУУЛАХ ТОГТООЛЫН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИВ

Цар тахлын эрсдэлтэй нөхцөл байдал цаашид хэдий хугацаагаар үргэлжлэх нь тодорхойгүй байгаа үед бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацаанд үйл ажиллагаа нь доголдож, цалин орлого нь тасалдсан жижиг, дунд үйлдвэр, бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийг дэмжих, ажлын байрыг хадгалах зорилгоор Улсын Их Хурлаас банк, банк бус санхүүгийн байгууллагаас олгосон зээлийн хүүг 50-иас доошгүй хувиар бууруулах, зээл төлөлтийн хугацааг хойшлуулах талаар тодорхой чиглэлийг холбогдох байгууллагуудад өгөх шаардлагатай гэж үзээд тогтоолын төсөл санаачилжээ.

Уг тогтоолын төслөөр дараах харилцааг зохицуулахаар тусгасан байна. Үүнд:

- Цар тахлын улмаас санхүү, эдийн засагт үүссэн хүндрэлийг даван туулах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх ажлыг нэн даруй зохион байгуулах,

- Иргэн, аж ахуйн нэгжийн банк, банк бус санхүүгийн байгууллагаас авсан үндсэн зээл болон зээлийн хүүг төлөх хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хойшлуулах, зээлийн хүүг 50 хувиас доошгүй хувиар бууруулан, зөрүүг санхүүжүүлэх ажлыг зохион байгуулах, энэ чиглэлээр тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх саналаа УИХ-д танилцуулах,

- Иргэн, аж ахуйн нэгжийн банк, банк бус санхүүгийн байгууллагаас авсан үндсэн зээл болон зээлийн хүүг төлөх хугацааг хойшлуулсантай холбогдуулан банк, банк бус санхүүгийн байгууллагад үүсэх хүндрэлийг нарийвчлан тооцож, төлбөрийн чадвар, ашигт ажиллагаа, өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлтийг унагахгүй байх чиглэлээр дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мөнгөн хөрөнгийн тооцооллыг хийж, гадаад дотоод эх үүсвэрээс олох арга хэмжээг нэн даруй авах зэрэг асуудлыг тусгажээ.

Эх сурвалж: http://parliament.mn/n/qybon