ХҮНИЙ ЭРХИЙН ДЭД ХОРООНООС ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГӨХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ БАТАЛСАН БАЙНА

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны 2021.01.26-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн  хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, баталгаатай хангуулах зорилготой бөгөөд уг тогтоолын төсөлд дараах зүйлсийг тусгасан байна. Үүнд:

  1. 1. Гадаад улсаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан боловч нэн даруй тусгай үүргийн нислэгт хамруулах боломжгүй, өдөр тутмын орлого, орон байргүй болсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдэд хоол хүнс, түр байраар хангах, мөнгөн тусламж олгох асуудлыг судалж, шийдвэрлэх;
  2. 2. Тусгаарлах байрны хүрэлцээ, тусгай үүргийн нислэгийн тоог нэмэгдүүлэн эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг татан авах ажлыг эрчимжүүлж, яаралтай татан авах, нислэг цуцалсан гэнэтийн шийдвэрээс үүдэн хохирсон иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
  3. 3. Хорих анги, баривчлах, цагдан хорих, түр болон албадан саатуулах байр, сэтгэцийн эрүүл мэндийн төв, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд болон ахмадын асрамжийн газар, цэргийн анги, хилийн шалган нэвтрүүлэх боомт дахь түр саатуулах болон хамгаалах байранд халдвараас хамгаалах арга хэмжээ авах, халдвар гарсан тохиолдолд авах арга хэмжээний төлөвлөгөө, бэлэн байдлыг хангасан эсэхэд хяналт тавих;
  4. 4. Гадаадад байхдаа коронавирусний халдварын шинжилгээ нь эерэг гарсан иргэнийг тухайн улсад эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамруулах, улмаар эх орондоо ирэх боломжийг бүрдүүлэх бүхий л арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх;
  5. 5. Хөл хорионы улмаас өдөр тутмын орлого нь тасарсан болон баримт бичиг, бүртгэлийн зөрчлийн улмаас шаардлагатай эмнэлгийн тусламж, үйлчилгээ, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа иргэдэд хүнс, ус, түлээ түлш, ариутгал, халдваргүйжүүлэлтийн хэрэгслээр хангах арга хэмжээ авах зэрэг хэд хэдэн арга хэмжээг шуурхай зохион байгуулах;
  6. 6. Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиг үүрэг бүхий төрийн бүх шатны байгууллагын ажилтан, албан хаагчдад үйл ажиллагаандаа хүний эрхийг хамгаалж, хангаж ажиллахыг үүрэг болгох;
  7. 7. Тусгаарлах байрны хүрэлцээ, тусгай үүргийн нислэгийн тоог нэмэгдүүлэн эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг татан авах ажлыг эрчимжүүлж, яаралтай татан авах, нислэг цуцалсан гэнэтийн шийдвэрээс үүдэн хохирсон иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг хэд хэдэн арга хэмжээг шуурхай авч ажиллахыг Засгийн газарт чиглэл болгохоор тогтлоо.

 

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс