ДААТГУУЛАГЧ ҮЙЛЧЛҮҮЛЭХ ЭМНЭЛГЭЭ ӨӨРӨӨ СОНГОХ ХУУЛИЙН ЗААЛТ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛЛОО
Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн тогтолцоонд шинэчлэлт хийгээд байна. Хөнгөлөлттэй үнэтэй эмийг өмнө нь цөөхөн эмийн сангаар худалдаалдаг байсан бол хуулийн заалт хэрэгжиж эхэлснээр Эрүүл мэндийн даатгалын сантай гэрээ байгуулсан бүх эмийн сангаас сарын бүх өдрүүдэд авах боломжийг 2020 оны арваннэгдүгээр сарын 01-нээс бүрдүүлсэн төдийгүй 141 нэр төрлийн 541 нэршлийн эмэнд 30-70 хувийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр хэрэгжиж, бүх шатны эмнэлгийн байгууллагын эмч нар иргэний харъяалал харгалзахгүйгээр хөнгөлөлттэй эмийн жорыг бичин, цар тахлын үед иргэд заавал нарийн мэргэжлийн эмчид очиж үзүүлэлгүйгээр өмнө нь бичигдсэн оношийн дагуу хөнгөлөлттэй эмээ бичүүлэн авдаг болсон нь эмийн хөнгөлөлт иргэдэд хүртээмжтэй, төвөггүй хүрэх тогтолцоо бүрдсэний илрэл болж байна.
Түүнчлэн, Эмийн бие даасан агентлаг байгуулагдсанаар үндэсний үйлдвэрлэгчдийн болон импортын эмийн чанар, бүртгэлийг хянаж чанартай эмийг хүртээмжтэй хүргэх эрх зүйн орчин бий болсон, өндөр өртөгтэй мэс заслын төлбөрийг 100 хувь даатгалын сангаас хариуцдаг болсон, эрүүл мэндийн даатгалтай иргэн Даатгалын сантай гэрээ байгуулсан улсын болон хувийн хэвшлийн аль ч эмнэлгийг сонгон бүх төрлийн тусламж, үйлчилгээ авах хуулийн заалт 2021 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж байна. Ингэснээр эмнэлгүүд чанар, эмчилгээ, үйлчилгээгээрээ өрсөлддөг болж хүнээ дагасан эрүүл мэндийн тогтолцоо бүрдэн, үүнийг дагаад улсын эмнэлгийн ачаалал, хүнд суртал эрс буурах үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: http://parliament.mn/n/8oion