ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН 2021 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО

Засгийн газар, ажил олгогч болон ажилтны хууль ёсны эрх ашгийг төлөөлдөг улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл 2021 оны анхны хуралдаан 2021-02-09-ний өдөр зохион байгуулагджээ.

Тус хуралдаанаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2020 оны төсвийн гүйцэтгэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлууд, 2021 оны төсвийн хуваарь, 2021-2022 онуудад хэрэгжүүлэх цар тахлын үеийн нөлөөллийг бууруулах, ажлын байрыг хадгалахад дэмжлэг үзүүлэх, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрт бэлтгэхэд чиглэсэн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-үүдийн төслүүдийг хэлэлцэж баталжээ.

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Халамжаас Хөдөлмөрт шилжих” зорилтын хүрээнд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-үүдийг хүртээмжтэй, зорилтот бүлэгт чиглэсэн, цар тахлын үед иргэн, аж ахуй нэгж байгууллагуудыг дэмжих чиглэлээр шинэчлэн боловсруулж, баталсан байна.

Тухайлбал, ажил олоход хүндрэлтэй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай гишүүдийг хөдөлмөрт бэлтгэж, ажлын байраар хангах, коронавируст цар тахлын үед үйлдвэрлэл, үйлчилгээ, мал аж ахуй эрхлэгчдэд үйл ажиллагаагаа сэргээхэд чиглэсэн барьцаагүй, хүүгүй, эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэг үзүүлж, ажлын байр бий болгох, хадгалах, хамгаалах санаачилгыг дэмжиж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг зорилт, арга хэмжээ, хөтөлбөрүүдэд тусгажээ.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөдөлмөрийн нээлттэй зах зээлд ажиллах боломжийг бүрдүүлэх үүднээс ажил олгогчийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сургах, мэргэшүүлэх, тохируулгатай ажлын байрыг бий болгох зэрэг арга хэмжээг ирэх онуудад үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсон байна.

Эх сурвалж: https://mlsp.gov.mn/content/detail/1219