МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ БАТАЛЛАА
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 52 гишүүний 50 нь буюу 96.2 хувийн саналаар дэмжин, баталлаа. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүдийн олонх нь дэмжснээр Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Шүүхийн захиргааны тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулиуд батлагдав.
2012 онд баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн талаарх санал, шүүмжийг шийдвэрлэх, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцүүлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Хууль хэрэгжиж эхэлснээр хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байж шударга шүүхээр шүүлгэх эрх баталгаажиж, шүүгч хэргийг хянан шийдвэрлээд шүүхийн шийдвэрийнхээ үндэслэлийг ойгомжтой байдлаар тайлбарладаг болох юм байна.
Түүнчлэн шүүх хуралдааныг үндэслэлгүйгээр хойшлуулдаг, цуцалдаг, иргэдэд хүндрэл учруулдаг асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлжээ. Мөн шүүгчийг шилж олох, шүүгчийн хараат бус байдлыг хангах болон шүүгчтэй сахилгын хариуцлага тооцох асуудлаар тогтолцооны өөрчлөлт хийсэн талаар мэдээлэл өглөө.
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлд заасан шүүгчийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр огцруулах агуулга бүхий зохицуулалтад нийцүүлэн шүүгчид хориглох 40 гаруй зөрчлийг хуульд нэг бүрчлэн тодорхой тусгаж, шүүгчийн сахилгын зөрчилд хаалттай, нээлттэй хэлбэрээр сануулах, цалинг тодорхой хугацаа, хувиар бууруулах, шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах, огцруулах гэсэн таван төрлийн шийтгэлээс зөрчлийн шинж, хэр хэмжээг харгалзан оногдуулахаар тодорхойлж, тухайн зөрчилд тохирсон шийтгэл оногдуулдаг болж байгаа юм байна.
Сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацааг уртасгасан талаарх зохицуулалтыг онцолсон бөгөөд тодруулбал, огцруулах шийтгэл оногдуулах сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 2 жил, зөрчил гаргаснаас хойш 5 жил өнгөрсөн бол, огцруулахаас бусад сахилгын шийтгэл оногдуулах сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 жил, зөрчил гаргаснаас хойш 2 жил өнгөрсөн бол тус тус сахилгын шийтгэл оногдуулахгүй байхаар зохицуулсан байна.
Монгол Улсын шүүхийн тухай хууль 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд ингэснээр хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороог байгуулах юм байна.
Харин бүх шатны шүүхийн шүүгчийг Ерөнхийлөгч томилдог байх Үндсэн хуулийн зохицуулалт хэвээр байгаа юм. Өмнө нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг хуульд заасны дагуу Ерөнхийлөгч томилж, чөлөөлдөг байсныг өөрчилж, нийт бүрэлдэхүүний 50 хувийг шүүгчид чуулганаараа сонгож, бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурлаас томилохоор хуульчилсан байна.
Эх сурвалж: Монгол Улсын Их Хурал