ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ОЛОН НИЙТЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЖ, САНАЛ АВЧ БАЙНА

Хууль зүй, дотоод хэргийн яамны цахим хуудсанд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авах зорилгоор 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдөр байршуулан санал авч байна.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн танилцуулгаас товч дурдвал,  Монгол Улсын Үндсэн хуулиар хувь хүний нууцтай байх, үүнийг хуулиар тогтоон хамгаалахаар заасны дагуу Улсын Их Хурал 1995 онд Хувь хүний нууцын тухай хуулийг баталж, хувь хүний нууцыг тогтоох, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулж, хувь хүн нууцаа өөрөө хамгаалах, хувь хүний нууцыг хуулийн дагуу болон итгэмжлэлээр олж мэдсэн этгээд бусдад задруулахыг хориглох, шаардлагатай тохиолдолд хувь хүний нууцыг хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу төр, байгууллага хамгаалалтдаа авч болохоор тусгасан байдаг.

Түүнчлэн хувь хүний нууцын төрлийг тогтоож, хувь хүний нууцыг ил болгох үндэслэл, энэ хуулиар хамгаалсан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд гомдол гаргах эрх болон хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар зохицуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулахад томоохон хувь нэмэр оруулсан хэдий ч нийгмийн харилцаа тасралтгүй хөгжиж байгаа технологийн хөгжлийг дэмжсэн энэ цаг үед нийгэмд үүсээд байгаа зарим төрлийн асуудлыг зөвхөн Хувь хүний нууцын тухай хуулиар зохицуулахад бэрхшээлтэй нөхцөл байдлууд үүссээр байгааг дурдсан байна. Тухайлбал, Хувь хүний нууцын тухай хуулиар хувь хүний нууцыг хязгаарлагдмал хүрээнд тогтоож, зөвхөн эрүүл мэнд, захидал харилцаа, хөрөнгө, гэр бүлийн нууцыг хувь хүний нууцад хамааруулахаар зааж, хувь хүнийг тодорхойлох боломжтой бусад мэдээллийг хэрхэх талаар энэ хуульд тусгаагүй байна.

Сүүлийн жилүүдэд үйлчилгээний газруудад хэрэглэгчийн худалдан авалтын үнийн дүнд суурилсан оноо цуглуулах, хувь хүнийг таньж баталгаажуулах зорилгоор иргэний биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/ болон хувь хүний бусад мэдээлэл цуглуулах нь түгээмэл байгаа бөгөөд ингэхдээ хүний хувийн мэдээллийг тухайн хувь хүнд урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авалгүйгээр цуглуулах, анх цуглуулсан зорилгоос өөр зорилгоор ашиглах, зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулах, хүний хувийн мэдээлэл алдагдах эрсдэл үүссэн тохиолдолд эргэн мэдэгдэх, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах зэрэг асуудал үүсэхэд Хувь хүний нууцын тухай хуулийг хэрэглэхэд зохицуулалтын агуулга нь хэт ерөнхий, тунхаглалын шинжтэй, тодорхой төрлийн асуудлыг шийдвэрлэж чадахгүйд хүргэж байна гэж танилцуулгад дурджээ.

Тус хуулийн төсөл нь нийт 8 бүлэг, 29 зүйлтэй бөгөөд хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах асуудлуудыг тусгасан. Үүнд:

1.Хуулийн төсөлд нэр томьёоны тодорхойлолт оруулж, хүний хувийн мэдээлэл, хүний эмзэг мэдээлэл, биометрик, генетикийн, эрүүл мэндийн мэдээлэл зэрэгт юуг хамааруулах, эдгээр мэдээллийн эзэн хэн болох, мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах ойлголтыг нарийвчлан бусад улс орны жишигт тулгуурлан нарийвчлан тодорхойлсон.

2.Хуулийн үйлчлэх хүрээг тогтоохдоо хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулахаар тусгаж, хувь хүн өөрт болон өөрийн гэр бүлийн гишүүнд хамааралтай мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хувь хүн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг хамгаалах зорилгоор дүрс бичлэгийн төхөөрөмж байршуулах, хувь хүн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг хамгаалах, мэдээллийн нууцлалыг хадгалах зорилгоор өөрийн биометрик мэдээллийг ашиглахтай холбоотой харилцаанд уг хууль үйлчлэхгүй байхаар тусгасан.

3.Хүний хувийн мэдээлэл цуглуулахад мэдээллийн эзнээс зөвшөөрөл өгдөг байх, эсхүл хуульд заасан үндэслэлээр хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглаж болох тохиолдлуудыг тогтоож өгсөн.

4.Хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахад мэдээллийн эзний эдэлж болох эрх, хүлээх үүргийг тогтоож, тухайн эрх нь зөрчигдсөн тохиолдолд эрхээ хамгаалуулах талаар оруулсан.

5.Мэдээлэл хариуцагч буюу мэдээллийн эзний мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа этгээдийн мэдээллийн эзний өмнө хүлээх үүргийн талаар тусгасан. Мэдээлэл хариуцагч болон түүний үүргийг гэрээний үндсэн дээр шилжүүлж авч байгаа боловсруулагчийн хүний хувийн мэдээлэл хамгаалах талаар аюулгүй байдлын арга хэмжээ авах, мэдээллийн эзэнд мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахтай холбоотой мэдэгдэл, илэрсэн зөрчлийг мэдэгдэх талаар оруулсан.

6.Хүний хувийн мэдээлэл хамгаалах эрх бүхий байгууллагыг тогтоож, энэ хуулийн хэрэгжилтийг хянаж ажиллах чиг үүргийг тодорхой болгосон.

7.Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулах тохиолдол, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн системд тавигдах шаардлага, хориглох, хяналт тавих зохицуулалтыг тусгасан. Тухайлбал, ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караоке, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэг хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хориглохоор заасан жишээг дурдаж болохыг тус тус тусгажээ.

Эх сурвалж: www.mojha.gov.mn