"АЖИЛСАГ МОНГОЛ” ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ ДЭМЖСЭН БАЙНА.

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл 2021 оны хоёр дахь удаагийн хуралдаанаа өнөөдөр буюу 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулжээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас “Короновируст халдвар (ковид-19)-ын цар тахалтай тэмцэх, эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх  дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд туссан Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Ажилсаг Монгол” төслийг хэлэлцсэн байна.   

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “АЖИЛСАГ МОНГОЛ” төслийн зорилго нь залуучуудад эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг сургаж, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх замаар хөдөлмөрт бэлтгэж, ажилтай, орлоготой болгоход чиглэх юм байна.

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн гишүүд төслийг хэлэлцэн, холбогдох хууль тогтоомжийн дагуу Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн батлуулахыг дэмжсэн байна. 

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “АЖИЛСАГ МОНГОЛ” төслийг хэрэгжүүлэхэд нийгмийн түншлэлийн байгууллагуудын оролцоог хангаж, залуучуудыг ажлын байраар хангах, ажлын байранд дадлагажуулах, цаашид менторшип хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахаар болсон байна.

 

Эх сурвалж:  www.mlsp.gov.mn