НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ.
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл буюу Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр /2021.02.26/ зохион байгуулсан байна.
Хэлэлцүүлгийн эхэнд тус яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг хуулийн төслийн хууль зүйн болон практик шаардлага, судалгаа, тайлан, зөвлөмжид тулгуурлан өнөөгийн нийгэмд үүсээд байгаа тодорхой олон асуудлыг уг хуулиар цогцоор нь шийдвэрлэхээр зохицуулсан талаар танилцуулжээ.
Хэлэлцүүлэгт төрийн захиргааны болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцсон бөгөөд төгсгөлд нь саналаа хэлж, асуулт, хариулт явуулсан байна.
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар:
- Төрийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдал сайжирна.
- Иргэн, хуулийн этгээдийн хувьд төрийн мэдээлэл, үйлчилгээг төрийн байгууллагад биечлэн хандаж авахаас гадна цаг хугацаа, орон зайнаас үл хамааран цахим хэлбэрээр авах боломж бүрдэнэ.
- Төрийн мэдээлэл, үйлчилгээ авахтай холбоотой үүсдэг байсан зардал болон цаг хугацаа нь хэмнэгдэнэ.
- Нээлттэй өгөгдлийн тусламжтай шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, олон нийтийн хүртээл болгох боломж нээгдэнэ.
- Үндсэн болон дэмжих системээс олгогдох цахим баримт бичгийн хүчинтэй байдлыг хүлээн зөвшөөрөх эрх зүйн орчин бүрдэнэ. /“Хур” систем, “Е-mongolia”/
- Үйлчилгээ үзүүлэхдээ нийтийн мэдээллийн системд байгаа мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс төр шаардахгүй байх эрх зүйн орчин бүрдэнэ.
- Төрийн байгууллагуудын хувьд төрийн үйлчилгээний чанар, хүртээмж дээшилж үйл ажиллагааны шинэчлэл, инноваци, мэдээллийн систем, тооцоолон бодох техник хэрэгслийн нөөцийн удирдлага, төлөвлөлт сайжирна.
- Төрийн мэдээллийн сан, системийн төлөвлөлт, үнэ цэнэ, чадавх өсч, хариуцлага, ил тод байдал дээшилнэ.
- Төрийн байгууллагын үйлчилгээ, үйл ажиллагааг цахимжуулснаар төрийн байгууллагын үйл ажиллагаанд дахин инженерчлэлийг хэрэгжүүлж, удирдлагын шинэчлэл, мэдээлэлд суурилсан эдийн засгийн шинэ салбар үүсэн хөгжих боломж нэмэгдэнэ.
- Иргэдийн төрд итгэх иргэдийн итгэл нэмэгдэж, төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох боломж нэмэгдэнэ.
- Монгол Улсын Үндсэн хуульд заасан, иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах эрх зүйн орчин баталгаатай бүрдэнэ гэж хууль санаачлагчдын зүгээс үзэж байгаа юм байна.
Эх сурвалж: www.mojha.gov.mn