ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ УЛСЫН ИХ ХУРАЛД ӨРГӨН БАРИЛАА
Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд орон нутгийн түвшинд буюу сум, хороонд хүүхэд хамгааллын үйлчилгээг хүргэх, орон тооны нийгмийн ажилтан ажиллуулах, төрийн бодлого, зохицуулалт, удирдлага, арга зүйгээр хангах чиг үүргийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа агентлагийн чиг үүрэгт хамруулах, хүүхэд хамгааллын үйлчилгээний төсвийн хуваарилалт, зарцуулалт, жишиг зардлыг тооцох аргачлал, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг шинэ зохицуулалт тусгагджээ.
Мөн хууль батлагдсанаар хүүхэд хамгааллын тогтолцоо бэхжих, төрийн байгууллагын бүтэц, чиг үүрэг бүх түвшинд оновчтой тодорхойлогдох, хүүхэд хамгааллын үйлчилгээ төрөлжиж, нэр төрөл нь олширч, чанар, хүртээмж дээшлэхээс гадна мэргэжлийн түвшинд шаардлагатай хүүхэд бүрт хүртээмжтэй хүрэх нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзэж байна.
Харин Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гол зорилго нь ажлын байранд бэлгийн төдийгүй сэтгэл санаа, бие махбодийн дарамт гарахаас урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг үл тэвчих орчин нөхцөлийг бүрдүүлэх, ажилтнаас гарсан гомдлыг шийдвэрлэх журмыг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах, бие махбодь, сэтгэл зүйн болон аливаа хэлбэрийн бэлгийн дарамтаас ангид байх харилцааг хамт олонд төлөвшүүлэх сургалт, хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхэд чиглэсэн байна.
Эх сурвалж:http://parliament.mn/n/uaion