АЖИЛ ОЛГОГЧИЙН САНААЧИЛГААР ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГ ЦУЦЛАХАД АНХААРАХ НЬ
Ажил олгогчийн санаачилгаар ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас халах шийдвэр гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлийг шийдвэртээ зөв бичих нь зүйтэй юм.Ажил олгогч нь ажлаас халах тушаал гаргаагүй атлаа ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлээгүй бол ажиллаагүй хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилтанд олгох үүрэг хүлээнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн дараах үндэслэлүүдийг ажлаас халах шийдвэрт бичнэ. Үүнд:
1. Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн
- “орон тоо хасагдсан” гэдэгттухайн хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсон тохиолдол ба зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална.
- “Орон тоо цөөрүүлэх” гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооны орон тоог хассаныг ойлгоно.
2. Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон- гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр гарсан байхыг ойлгоно.
3. ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн
4. ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүлхөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан
- “ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнессийн ба ажил хэргийн нэр хүнл гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохионо. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна.
5. Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон;
-“ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүй” гэдэг нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байвал зохино.
-Мөнгө болон эд хөрөнгийн бүрэн хариуцлага хариуцсан ажилтны гаргасан эд хөрөнгийн зөрчил нь эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж тогтоогдсон нь эд хөрөнгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
-“Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан“ гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжэээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтад бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтан зэргийг хамруулан ойлгоно.
6. Сонгууль, томилолтоор өөр орон тооны ажил, албан тушаалд ажиллах болсон- гэдэгт ажилтан өөр эсхүл тухайн байгууллагад орон тооны, тогтмол цалинтай ажилд зохих журмаар сонгогдох буюу томилогдохыг хэлнэ.
Мөн дараах тохиолдолуудад ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахыг хориглоно.
1. Аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлахгүй
2. Аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчлөгч өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болохгүй
3. Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг /3хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцгийг/ дараах тохиолдлуудаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно. Үүнд:
- аж ахуй нэгж татан буугдсан;
- хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан;
- хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан;
- мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон
Ажил олгогч нь аж ахуй нэгж, түүний салбар, нэгж, татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах болсон тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж баталгаажуулна.