ХАМТЫН ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА
Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, А.Адъяасүрэн нар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өргөн барилаа. Хамтын тэтгэврийн тухай хуулийн гол үзэл санаа нь олон жил хамт амьдарсан гэр бүлийн гишүүдийн нэг нь нас барсан тохиолдолд тэтгэвэр нь тодорхой хувь хэмжээгээр, үлдсэн гэр бүлийн гишүүний амьдрах хугацаанд нь өвлөгдөх явдал юм. Гэхдээ тодорхой шалгуур тавих юм байна. Тухайлбал, 10-аас дээш жил хамт амьдарсан, гэр бүлийн баталгаатай, дундаасаа үр хүүхэд төрүүлж өсгөсөн гэх мэт шаардлага тавигдана.
Хамтын тэтгэврийн тухай асуудлыг зохицуулсан дараах эерэг үр дүн гарна гэж үзжээ. Үүнд:
1. Дэлхийн бусад оронд төдийгүй манай улсад олон жил хамт амьдарсан нэг гэр бүлийн өндөр настнуудын нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд, үлдэж байгаа ахмадын наслах хугацаа богиносож байгаа статистик судалгаа байдаг. Энэ нь өрхийн амьжиргааны хэрэглээ буурах, ганцаардах, сэтгэл санааны уналтад орох, хөгшрөлтийн процесс хурдан явагдах зэрэг сөрөг байдлаар илэрдэг юм. Үүнээс сэргийлэх боломжийг хамтын тэтгэвэр олгоно.
2. Хамтын тэтгэврийн хууль үйлчилсэнээр цаашид тогтвортой гэр бүлийн тоо нэмэгдэх, гэр бүлийн гишүүдийн бие биеэ хайрлах, урт удаан хугацаанд хамт амьдрах, олон хүүхэд төрүүлж өсгөх, эрүүл мэнддээ анхаарах хандлага өснө.
3. Хамтын тэтгэврийн тухай хууль бий болсноор тэтгэврийн хуримтлалын тогтолцоонд сөргөөр нөлөөлөх байдал үүсэхгүй гэж хууль санаачлагчид үзэж байна.
Тэтгэврийн энэ төрлийн зохицуулалт гадаадын нэлээдгүй улс оронд хэрэгжиж байна. Тухайлбал, Чили улсад тэтгэвэр авагч нас барвал хуримтлалын дансанд үлдсэн хэсгийг нь шилжүүлэх журам, Швед улсад тэтгэврийн даатгалын шимтгэлийн хуримтлалд байгаа үлдэгдлийг өв залгамжлуулах журам хэрэгждэг бол Итали улсад нас барагч нь Италийн иргэн бол түүний эхнэр, нөхөр иргэний харьяалал үл харгалзан тэтгэврийг нь өвлөн авах эрх үүсдэг. АНУ-д гэр бүлийн эхнэр, нөхрийн аль нэг нь нас барахад тухайн цаг үеийнх нь эхнэр, эсвэл нөхөр нь тэтгэврийг нь шууд өвлөн авдаг байна.
Эх сурвалж: https://www.montsame.mn/mn/read/257684