АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРООГ БАЙГУУЛЛАА
Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаанаар аймаг, нийслэлийн сонгуулийн хороо байгуулах тухай асуудлыг хэлэлцэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан хугацаанд багтаан баталлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороог тус бүр 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд орсон онцлог зохицуулалтын нэг бол аймаг, нийслэлийн болон сум, дүүргийн сонгуулийн хороодын дарга нар нь тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дарга, эсвэл түр орлон гүйцэтгэгч байхаар хуульчилсан бөгөөд аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд аймаг, нийслэлийн цагдаагийн болон улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн байгууллагын төлөөлөл орсон байх ёстой. Сонгуулийн хороонд сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдыг нээлттэй бүртгэсний үндсэн дээр томилон ажиллуулж байгаагаараа онцлог болж байна.
Энэ оны 3-р сарын 1-нээс 10-ны өдрийг дуустал хугацаанд аймаг, нийслэлтийн сонгуулийн хороонд ажиллахаар нийт 420 төрийн албан хаагч цахимаар бүртгүүлж, сургалтад хамрагдсан. Харин 3-р сарын 15-наас 17-ны өдрүүдэд сорилын шалгалтыг мөн цахимаар зохион байгуулж, сорилын шалгалтад хангалттай оноо авсан, төрийн албан хаагчид тавих тусгай шаардлагыг хангасан 198 албан хаагчийг томилов. “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан сонгуулийн хороодод ажиллах хүнийг 30-40 хувийн нөөцтэй байхаар тооцож, 105 төрийн албан хаагчийг нөөцөд бүртгэлээ.
Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, санал хураалтыг хуульд заасны дагуу зохион байгуулах, санал хураалтын дүн, холбогдох баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу нэгтгэж, хүргүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.
Эх сурвалж: http:// www.gec.gov.mn/blog/3111