КОМПАНИЙН ЗАХИРАЛ БУЮУ ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГА

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна” гэж тодорхой хуульчилж өгсөн байна.

Компанийн өдөр тутмын үйл ажиллагаа гэдэгт компанийн өдөр тутам тогтмол байгуулдаг гэрээ хэлцэл, ажиллагаа, шийдвэр, удирдлага, дотоод зохион байгуулалт зэрэг компани дүрэмд заасан зорилго, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан төлөвлөгөө, заавар журам, чиглэлийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд хэрэгжүүлэх бүхий л үйл ажиллагааг хамаарна. Түүнчлэн компанийн гүйцэтгэх удирдлагын бие даан шийдвэрлэж болох хөрөнгийн хэмжээг өөрийн хөрөнгийн 5 хувиас хэтрэхгүй байхаар хязгаарлан тогтоох нь зүйтэй талаар 2007 онд Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан Компанийн засаглалын кодексийн гүйцэтгэх удирдлага бүлэгт тусгасан зарчим, зөвлөмжүүдэд тодорхой заажээ.

Гүйцэтгэх удирдлагын үндсэн чиг үүрэг нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг тогтоосон төлөвлөгөөний дагуу эрхлэн явуулах ажиллагааг удирдлагаар хангах, хувь нийлүүлэгчдийн хурал, ТУЗ, түүний дэргэдэх хороод болон хянан шалгах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн биелэлтийг хангаж ажиллах, хувьцаа эзэмшигчдийн хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн, компанийн ашигт ажиллагааны түвшин өсгөх замаар хувьцаа эзэмшигчдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхэд оршдог. Түүнчлэн төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг юм.

Гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээ: Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6-д гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулна гэж хуульчилсан бөгөөд тус гэрээнд дараах асуудлыг зохицуулсан байна. Үүнд:

  • гүйцэтгэх удирдлагын эрх, үүрэг
  • гүйцэтгэх удирдлагын хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл
  • гүйцэтгэх удирдлагын хөлс, урамшуулал зэрэг болно.

Гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээнд төлөвлөгдөөгүй аливаа гэрээ, хэлцэл, ажиллагаа явуулах шаардлага гарсан тохиолдолд заавал ТУЗ-тэй зөвшилцөж, зөвшөөрөл авах талаар компанийн дүрэмд тусгасан байдаг байна.

Тэгвэл компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Компанийн тухай хуульд гүйцэтгэх удирдлагыг хэрхэн хэрэгжүүлэх талаар тодорхой зааж өгсөн бөгөөд компанийн дүрэмд гүйцэтгэх удирдлагыг  багаар хэрэгжүүлэх талаар тусгайлан заагаагүй тохиолдолд хувь хүн хэрэгжүүлнэ гэж хуульчилж өгсөн байна. Өөрөөр хэлбэл компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд тулгарах асуудлыг зохистой шийдвэрлэх чадвартай хувь хүн, эсхүл баг компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлнэ.[1]

Хэрвээ хувь хүн компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ байна. Харин гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэхэд компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.9-д “Гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэх тохиолдолд компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор багийн гишүүдийн ажиллах дотоод журмыг төлөөлөн удирдах зөвлөлтэй зөвшилцсөний үндсэн дээр баталж мөрдөнө”  гэж хуульчилж өгсөн байна. Тус журамд:

  • багийн ахлагч болон  гишүүдийн эрхлэх ажил үүргийн хуваарь, ажлын харилцан уялдаа холбоог зохицуулах байдал;
  • багийн ахлагчийг томилох журам;
  • багийн ахлагчийн эрх, үүрэг, хариуцлага зэргийг тодорхой тусгана.

Түүнчлэн гүйцэтгэх удирдлагыг баг хэрэгжүүлэхэд төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд, хуулийн дагуу хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийн төлөөллийг хэрэгжүүлэх тохиолдолд компанийг төлөөлж багийн ахлагч гарын үсэг зурах бөгөөд багын бүрэлдэхүүнд орсон хувь хүн бүрийн гүйцэтгэх үүрэг, эрх хэмжээг тус дээрх журмаар зохицуулна. Амьдрал дээр дээрх журмын дагуу олгогдсон эрх хэмжээний дагуу “Ерөнхийлөгч, Ерөнхий захирал, Дэд захирал, Санхүү эрхэлсэн захирал, Хүний нөөц хариуцсан захирал...” гэх олон нэрээр компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэгч багын гишүүдийг нэрлэдэг байна. Энэ тохиолдол нь томоохон аж ахуй нэгж компаниудад хэрэглэгдэх нь элбэг бөгөөд багаараа Хувьцаа эзэмшигч, ТУЗ-ын өмнө компанийн үйл ажиллагааны талаар хамтын хариуцлага хүлээх бөгөөд гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг зогсоох шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл эсхүл хувьцаа эзэмшигчдийн хурал хэдийд ч гаргах эрхтэй байна.



[1] Санхүүгийн зохицуулах хорооны 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 210 дугаар тогтоолын хавсралт, Монголын Компанийн засаглалын кодекс, 4 дүгээр бүлэг 4.1.1;