УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН НИЙТ ШҮҮГЧИЙН ХУРАЛДААН БОЛЖЭЭ

Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр болж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан Дээд шүүхийн бүрэн эрхэд хамаарах хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.1-д Улсын Дээд шүүхийн бүрэн эрхэд “..танхим байгуулж, бүрэлдэхүүнийг батлах” гэсэн зохицуулалт шинээр орсон. Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн тодорхой хугацаанд хүрэлцээгүйн улмаас 2300 орчим иргэний хэрэг шийдвэрлэгдэхгүй хуримтлагдаж, хэргийн оролцогчийн эрх ашиг зөрчигдөх нөхцөл байдал үүссэнийг харгалзан тус танхимыг хоёр шүүх бүрэлдэхүүн зэрэг ажиллах боломжийг хангахаар зорьсон байна. Улмаар нийт шүүгчийн хуралдаанаар дээрх заалтын дагуу Дээд шүүхийн танхимын бүрэлдэхүүнийг шинээр батлах асуудлыг хэлэлцээд Захиргааны хэргийн танхим 7, Иргэний хэргийн танхим 10, Эрүүгийн хэргийн танхим 8 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллахаар тогтжээ.

Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.8-д улс төрийн намын бүртгэл хөтлөх бүрэн эрхийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд олгосны дагуу Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмыг баталсан байна.

Эх сурвалж: www.Supremecourt.mn