ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГ ХУГАЦААТАЙ БАЙГУУЛАХ ТУХАЙ
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээгээр хугацаатай ба хугацаагүй байгуулдаг. Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахдаа талууд харилцан тохиролцож байгуулж болохоор заасан нь ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хамаарна. Энэ нөхцөлд тухайн шаардлага, шалтгааныг, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийлэлийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгасан байвал зохино. Жишээ нь:
- ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл,
- улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар,
- шинээр орж байгаа ажилтантай хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын хугацаагаар,
- дагалдан суралцагчидтай сургалтын хугацаагаар
Дараахь тохиолдолд ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалдаг /Хөдөлмөрийн тухай хуулийн 35-р зүйл/. Үүнд:
- төрийн байгууллагын сонгуульт үүрэг гурван сар хүртэл хугацаагаар гүйцэтгэж байгаа
- ээлжийн амралттай байгаа
- эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа
- жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа
- хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, хэлэлцээ хийхэд болон хууль тогтоомжийн дагуу зохион байгуулсан ажил хаялтад оролцож байгаа
- цэргийн зарлан дуудах хуудас авсан ажилтныг цэргийн жинхэнэ албанд татсан тухай цэрэг татлагын комиссын шийдвэр гартал
- хууль тогтоомж, хамтын ба хөдөлмөрийн гэрээнд заасан бусад тохиолдол