ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНООС ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2021 ОНЫ 02 ДУГААР ДҮГНЭЛТИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ НЬ ЗҮЙТЭЙ ХЭМЭЭН ШИЙДВЭРЛЭЖЭЭ

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2021.04.20-ны өдөр хуралдаж “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн.

Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гучдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх; мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг; мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван есдүгээр зүйлийн 1, Гучдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.

Маргааныг хянан хэлэлцээд Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн байна хэмээн дүгнэлт гаргасан байна.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг; мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван есдүгээр зүйлийн 1, Гучдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчөөгүй байна хэмээн дүгнэлт гаргасан байна.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтын “... 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, ... уугуул ...”; мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн “50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, ... уугуул ...” гэсэн заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлсүгэй хэмээн шийдвэрлэжээ.

Ийнхүү гишүүдийн олонхын саналаар Монгол Улсын Их Хурлаас 2020 оны арван хоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал,… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээх зөвшөөрөх нь зүйтэй гэж үзжээ.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж заасныг зөрчсөн байна гэснийг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн гэх дүгнэлтийг тус тус хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Ийнхүү Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал,… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн байна гэснийг, Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж заасныг зөрчсөн байна гэснийг, Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзэж энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Эх сурвалж:http://parliament.mn/n/awsyn