ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООНД ТАВИГДАХ ШААРДЛАГЫГ ТОДОРХОЙЛОХ ЖУРАМ

Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 152 дугаар тогтоолоор Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын мэргэжлийн холбоонд тавигдах шаардлагыг тодорхойлох журмыг баталсан юм. Энэхүү журмын зорилго нь Санхүүгийн зохицуулах хорооноос үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын мэргэжлийн нэгдсэн холбоонд тавигдах шаардлагыг тодорхойлоход оршино.
Мэргэжлийн холбоо нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
 
1. Мэргэжлийн холбоо нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн, оноосон нэр, тамга, албан бичгийн хэвлэмэл хуудас, харилцах данстай байх;
2. Мэргэжлийн холбооны гишүүд нь тусгай зөвшөөрөлтэй үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага байх;
3. Мэргэжлийн холбоо нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй тусгай зөвшөөрөлтэй үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагуудын 51-ээс доошгүй хувийг гишүүнээр элсүүлсэн байх;
4. Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбарын хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөөтэй, гишүүддээ мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, сургалт зохион байгуулах техник хэрэгслийн болон хүний нөөцийн чадамжтай байх;
5. Сургалтын хөтөлбөр боловсруулж, Хороогоор батлуулсан байх;
6. Мэргэжлийн ёс зүйн хариуцлага хүлээлгэх дотоод хяналтын бүтэцтэй байх.
 
Түүнчлэн Мэргэжлийн холбооны удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал нь дараах шаардлагыг хангасан байна:
1. Мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх;
2. Гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх;
3. Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;
4. Хэвийнээс бусад зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
5. Ёс зүйн нэр хүндтэй байх; 
6. Хорооноос тогтоосон тохиромжтой этгээдийг тодорхойлох бусад шалгуурыг хангасан байх. 
 
Харин Мэргэжлийн холбоо нь Хорооны санал, дүгнэлтэд үндэслэн дараах зүйлийг дүрэмдээ тусгаж, бүх гишүүдийн хурлаар батлуулсан байх:
1. Гишүүнээр элсүүлэхэд тавих шаардлага, гишүүнчлэлийн хураамж, гишүүнчлэлийг түдгэлзүүлэх, гишүүнээс хасах журам;
2. Гишүүд, тэдгээрийн брокер, агентын үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн дүрэм;
3. Гишүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих болон гомдол, маргааныг хянан шийдвэрлэх журам;
4. Мэргэжлийн холбооны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам;
5. Гишүүдэд сургалт явуулах, мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ зохион байгуулах журам.
 
Мэргэжлийн холбоо нь дараах зарчмыг үйл ажиллагаандаа баримталж ажиллана:
1. Хууль тогтоомж, Хорооноос баталсан дүрэм, журмыг мөрдөх;
2. Гишүүдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, тэдгээрийн санал санаачилгыг дэмжих:
3. Гишүүнчлэлийн хураамжийн зарцуулалт, тайлагнал ил тод нээлттэй байх;
4. Үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал, гишүүдийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөхдөө судалгаа шинжилгээнд суурилсан байх.
 
Эх сурвалж: https://www.legalinfo.mn/law/details/16294