ХОРШООНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ

 

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Ажлын хэсэг 2021 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр цахимаар хуралдаж, анхны хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын даргаас өгсөн чиглэлийн хүрээнд асуудлыг томьёолжээ. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйл буюу “Хуулийн зорилт”, төслийн 61 дүгээр зүйл буюу хоршоодын холбооны гишүүчлэлийн талаарх зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахгүйгээр уг асуудлуудыг гүйцээн боловсруулах чиглэлийг Байнгын хороонд өгсний дагуу хуулийн зорилтыг илүү тодорхой болгон найруулж, хоршоодын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, хоршоог хөгжүүлэх хөшүүрэг болгох зорилгоор хоршоодод мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэг бүхий Хоршоодын холбоотой байх, түүнд анхан болон дундын хоршоо гишүүнчлэлтэй байх агуулгаар төслийн 61 дүгээр зүйлийг өөрчлөн найруулжээ.

Мөн төслийн 31.2 дахь хэсгийг Тэргүүлэгчид санхүүгийн жил дууссанаас хойш 6 сарын дотор, мөн хоршооны алдагдлыг нөхөхөд болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн хөрөнгө хүрэлцэхгүй үед бүх гишүүдийн хурлыг хуралдуулаагүй бол Хяналтын зөвлөл зарлан хуралдуулж байх зохицуулалтыг тусгасан байна. 

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 87.5 хувь нь “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжсэн. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргав. Уг горимын саналыг гишүүдийн 87.5 хувь нь дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

 

Эх сурвалж: www.parliament.mn