ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААН

Хүндэтгэн үзэх шалтгаанд онцгой нөхцөл шалтгаанууд орох ба тэдгээр нөхцөл байдлуудыг тодорхой нотлох баримтанд тулгуурлан хүндэтгэн үзэх шалтгаан мөн эсэхийг тогтоох шаардлагатай. Хүндэтгэн үзэх шалтгааныг Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8- д дараах байдлаар тодорхойлж заасан. Үүнд:

  • Өвчтэй;
  • Эмчилгээ хийлгэж байгаа;
  • Өвчтөн асарсан;
  • Томилолтоор гадаад, дотоодод ажилласан;
  • Сургалтад хамрагдсан;
  • Нийтийг хамарсан дайчилгаанд хамрагдсан;
  • Нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон;
  • Галын болон байгалийн гэнэтийн аюул, эсхүл давагдашгүй хүчин зүйл /усны үер, ган, зуд, аюултай цасан болон шороон шуурга, газар хөдлөлт/ .

Мөн Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд Хүндэтгэн үзэх үндэслэлээр талууд гэрээнээс татгалзах талаар заасан байдаг бөгөөд, үүнд:

  • гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй
  • онцгой нөхцөл байдал үүссэн
  • талуудын эрх, хууль ёсны сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдал зэрэг үндэслэлүүдийг хүндэтгэн үзэх шалтгаан болно гэж үзсэн байдаг.

Улсын дээд шүүхийн “Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай” зөвлөмжийн 2.1-т хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг “...хариуцагчийн оршин суугаа шүүхэд очих боломжгүй, эсхүл хүндрэлтэй байгаа, нэхэмжлэгчийн эрүүл мэнд, эд хөрөнгө, цаг хугацаа болон бусад байдлаас шалтгаалсан бодит, тодорхой нөхцөлийг ойлгох нь зүйтэй” гэж тайлбарласан бол Улсын дээд шүүхийн  2006 оны 07-р сарын 03-ны 33-р тогтоол буюу “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 28 дахь хэсэгт “...гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ” хэмээн тайлбарлажээ.