/КОВИД-19/-ЫН ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ СҮҮЛИЙН ҮЕИЙН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр болж Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2021 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 06:00 цагаас мөн оны 6 дугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр болжээ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээр дараах үйл ажиллагааг хязгаарлана. Үүнд:

1.     Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн;

2.     Аялал зугаалга, хурим найр; цайллага, хүлээн авалт;

3.     Бүх төрлийн баар;

4.    Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар (Ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар) нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлах, захиалгат болон хүргэлтийн хоолны үйлчилгээг зөвшөөрнө;

5.     Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа;

6.   Хүнснээс бусад барааны зах, худалдааны төв (Улсын онцгой комиссын даргын тушаалаар баталсан “Коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, тусгай нөхцөл шаардлага, бэлтгэл ажлыг хангасан нөхцөлд үйл ажиллагааг үе шаттай нээж  явуулахыг зөвшөөрнө);

7.     Цахим, автомат тоглоомын газар, бүх төрлийн тоглоомын төв;

8.     Сургалтын төв;

9.     Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ;

10.   Алжаал тайлах төв;

11.   Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв;

12.   Саун, бассейн, нийтийн халуун ус;

13.   Зочид буудал, дэн буудал;

14.   Амралт, жуулчны газар;

15.   Шашны зан үйл, сүм, хийд, мөргөлийн газрууд;

16.   Олимп, тив, дэлхий, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ;

17.   Хүүхдийн тоглоомын болон сагс, хөл бөмбөгийн талбай;

18.   Нийтийн бүжиг ба бүх төрлийн бүжгийн клуб.

Харин хүний үйл ажиллагааны горимд дараах үйл ажиллагааг хязрааглаж байна. Тухайлбал,

1.    Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн, үзвэр үйлчилгээ;

2.    Хурим найр, цайллага, хүлээн авалт;  

3.    Агаар салхинд гарах (Зөвхөн гэр бүлийн гишүүдийн хүрээнд зөвшөөрөх)

4.    Цахилгаан шатанд 3-аас илүү хүн суух;

5.    Айлд зочлох, зочин урих;

6.    Оршуулгын ажилд оролцох (автомашин 8, иргэн 20-оос дээш  хязгаарлах);

7.    Дээрх үйл ажиллагаа /4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17,18/-нд заасан үйл ажиллагаанууд.

Түүнчлэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед иргэний эрүүл мэнд, орлогыг хамгаалах, коронавируст халдвар /КОВИД-19/-ын эсрэг дархлаажуулалтыг эрчимжүүлэх зорилгоор вакцины хоёрдугаар тунг хийлгэсэн Монгол Улсын иргэн бүрд 50,000 (тавин мянга) төгрөгийн мөнгөн урамшууллыг нэг удаа олгох юм.

Хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-20:00 цаг хүртэлх хугацаагаар тогтоож, эдгээр төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын хувийн болон албаны тээврийн хэрэгслийг 06:00-22:00 цагт замын хөдөлгөөнд оролцуулах юм. Өндөржүүлсэн бэлэн байдлын улбар шар түвшинд шилжсэн энэ хугацаанд замын хөдөлгөөнд тээврийн хэрэгслийн дугаарын тэгш, сондгойгоор оролцоно. Харин хүнс, эмнэлэгийн тусламж үйлчилгээ, буяны үйлчилгээ, инженерийн байгууламж хот нийтийн аж ахуйн ажил, хэвлэл мэдээлэл, тусгай зориулалтын техник хэрэгсэл нь энэхүү хязгаарлалтад оролцохгүй юм.  

Иргэн, хуулийн этгээд ажил, үйлчилгээ эхлэхийн өмнө  "COVID19 QR verify" аппликейшныг татан авч хэрэглээнд бэлтгэх, нэгдүгээр давхарт гарах хаалганд хамгийн ойр байрлах хэсэгт байгалийн агааржуулалттай "түр тусгаарлах өрөө"-г бэлтгэх, халдварын сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах ажлыг зохион байгуулах ажилтныг томилж, ажиллах зааварчилгаа өгөх мөн төрийн болон худалдаа, үйлчилгээний байгууллагад ажиллагсад нь коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 2 тунд бүрэн хамрагдсан байх зэрэг арга хэмжээг “Коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ын бэлтгэл ажлын үед авах арга хэмжээнд тусагсан байна.         

Эх сурвалж: https://www.legalinfo.mn/annex/details/11834?lawid=16328