КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ТАРХАЛТЫН ҮЕД БАРИМТЛАХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГОРИМД ӨӨРЧЛӨЛТ ОРЖЭЭ

Монгол Улсын Засгийн газар 2021 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Коронавируст халдвар /КОВИД-19/-ын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журмыг анх баталсан байдаг. Уг түр журмын хавсралтаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын тархалтын үед баримтлах Төрийн байгууллага, хуулийн этгээд, хүний үйл ажиллагааны горимыг баталсан байна.

Харин Засгийн газар 2021 оны 4 дүгээр сарыны 23-ны өдрийн “Журмын хавсралтыг өөрчлөн батлах тухай” 105 дугаар тогтоолоор Төрийн байгууллага, хуулийн этгээд, хүний үйл ажиллагааны горимд өөрчлөлт оруулсан бол 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдөр “Журмын хавсралтыг өөрчлөн батлах тухай” 118 дугаар тогтоол баталж 105 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Төрийн байгууллага, хуулийн этгээд, хүний үйл ажиллагааны горимд дахин өөрчлөлт оруулжээ.

Өөрчлөлт оруулсан, Төрийн байгууллага, хуулийн этгээд, хүний үйл ажиллагааны горимыг товч танилцуулбал:

Үйл ажиллагааны горимыг дотор нь Төрийн байгууллагын үйл ажиллагаа, Хуулийн этгээдийн үйл ажиллагаа, Хүний үйл ажиллагааны горим гэж ангилж, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.1-р зүйлд заасан гамшгаас хамгаалах бэлэн байдлын 3 зэргийг I, II, III, IV түвшинд хувааж хязгаарлах болон хязгаарлахгүй (тусгай горимоор зохицууулах) үйл ажиллагааны чиглэлийг тогтоосон байна.

Түүнчлэн хязгаарлалтаас хамаарч тавигдах шаардлагыг ажиллах горим, хөдөлгөөнд оролцох цагийн горим, нийтийн тээврийн хэрэгсэл, автомашин, хот хоорондын зорчигч тээвэр (төмөр зам, авто зам), авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, агаарын хил, авто зам, төмөр замын боомт, ажлын байрны горим тус бүрээр нарийвчлан тогтоожээ.

Мөн Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд тус журмын 3.3, 3.4, 4.3 дэх заалтыг үндэслэн Улсын онцгой комиссоос тогтоосон түвшиндээ төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны горим, хязгаарлалтаас хамаарч тавигдах шаардлагад зарим өөрчлөлт (тухайлбал: эрсдэлийн нарийвчилсан үнэлгээний дүн, нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, дархлаажуулалтын хамрагдалт, үр дүнг харгалзан төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагааг үе шаттай нээх, хүний тоо, цагийн зохицуулалт, тээврийн хэрэгслийн болон хот хоорондын хөдөлгөөнд өөрчлөлт хийх гэх мэт) зохион байгуулалт, зохицуулалтын арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлж болно. Харин уулзалт, хурал, цуглааныг цахим хэлбэрээр зохион байгуулах боломжгүй тохиолдолд байр, танхимд хүний тоог 30-аас хэтрүүлэхгүйгээр, хүн хоорондын зай 2 метрээс доошгүй байхаар зохион байгуулж болно гэж заажээ.

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын тархалтын үед баримтлах Төрийн байгууллага, хуулийн этгээд, хүний үйл ажиллагааны горимын дэлгэрэнгүйг дараах холбоосоор үзнэ үү.

Эх сурвалж: https://legalinfo.mn/annex/details/11834?lawid=16328