ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ БОЛОН ХАМТ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХИЙГ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭВ
2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.
Улсын Их Хурлаас 2019 оны аравдугаар сарын 18-ны өдөр баталсан Өмгөөллийн тухай хууль, Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд нийцүүлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөл 7 бүлэг, 41 зүйлтэй бөгөөд хуульчийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулах, хуульчид тавих нийтлэг шаардлагыг тодорхойлох, хуульч бэлтгэх сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, хуульчийн үргэлжилсэн сургалт болон эдгээр үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх Хуульчдын холбооны эрх зүйн байдлыг дараах байдлаар тогтоохоор тусган боловсруулсан байна.
Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зөвхөн шүүгч, прокурор, өмгөөлөгчийг хуульчаар ажилласанд тооцох зохицуулалт үйлчилж байгааг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт нийцүүлэн өргөжүүлж, шүүгчийн туслах, нотариатч, төрийн байгууллага, магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийн багш, хуулийн этгээдэд ажиллаж байгаа хуульчийг хуульчаар ажилласанд тооцох зохицуулалтыг тусгажээ. Харин магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийн багш, төрийн байгууллага, хуулийн этгээдэд ажиллаж байгаа хуульчийн албан тушаалын жагсаалтыг Хуульчдын холбооны удирдах зөвлөл батлах юм байна. Мөн эрх зүйч мэргэжилтэй Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Шүүхийн сахилгын хорооны гишүүнээр ажилласан болон ажиллаж байгаа хүн хүсэлт гаргаж, Хуульчдын холбоонд бүртгүүлснээр хуульчийн зөвшөөрлийг олгосонд тооцох зохицуулалтыг бий болгох нь зүйтэй хэмээн төсөлд тусгажээ. Өөрөөр хэлбэл, хууль зүйн өндөр мэргэшилтэй байх, энэ чиглэлээр тодорхой хугацаанд ажилласан байх болон бусад шаардлага, шалгуурыг тус тусын хуулиар тусгайлан тавьсан тул уг албан тушаалд ажилласан болон ажиллаж байгаа эдгээр тодорхой тооны этгээдэд хуульчийн зөвшөөрлийг олгох боломжтой гэж үзсэн байна.
Хуульч бэлтгэх үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор хууль зүйн сургуулийн сургалтын хөтөлбөрийг заавал магадлан итгэмжилдэг байх, хууль зүйн сургуулийн үндсэн ангиар эрх зүйч бэлтгэхэд баклаврын зэрэг олгох, харин эчнээ, оройн ангиар эрх зүйч бэлтгэхэд дипломын зэрэг олгохоор төсөл тусгасан байна.
Цаашид Засгийн газраас эдийн засаг, бизнесийн чиглэлээр хуульчийг түлхүү бэлтгэх бодлого баримтлах зорилгоор хууль зүйн сургуульд суралцагч нь эрх зүйч мэргэжлээр суралцаж төгсөхдөө нийт судалсан хичээлийн 30-аас доошгүй хувь нь хувийн эрх зүйн чиглэлээрх хичээл байх зохицуулалтыг шинээр тусгасан байна. Мөн хуульчийн үргэлжилсэн сургалтыг Хуульчдын холбоо нь бусад холбоо, танхимтай хамтран зохион байгуулах талаар тусгажээ. Ингэхдээ нийт багц цагийн тодорхой хувийг Хуульчдын холбооноос зохион байгуулсан сургалтад хамрагддаг байхаар тусгасан болохыг Х.Нямбаатар сайд танилцуулсан юм.
2021 оны тавдугаар сарын 18-ны өдрийн байдлаар Монголын хуульчдын холбоонд бүртгэлтэй нийт 6158 хуульч байгаа аж. Үүний 518 нь шүүгч, 522 прокурор, 2615 өмгөөлөгч, 277 нотариатч, 2446 нь бусад төрлийн хуульч байна.
Хуулийн төслөөр хуульч бүр Хуульчдын холбооны гишүүн байх бөгөөд шүүгчээр томилогдсон хуульч нь Хуульчдын холбооны гишүүнчлэлээс хүсэлтээрээ түдгэлзэж болохоор тусгасан байна. Хуульчдын холбоог оновчтой, тогтвортой, үр дүнтэй ажиллах боломжийг бүрдүүлэхээр эрх зүйн байдал, бүтэц, зохион байгуулалтыг хууль тогтоомжийн хүрээнд тусгалаа. Ингэхдээ хуульчдын өөрөө удирдах ёсны эрх барих дээд байгууллага болох хуульчдын Их Хурал нь нийт гишүүдийн 10-аас доошгүй хувийн бүрэлдэхүүнтэйгээр хоёр жил тутам, Хуульчдын холбооны Удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа гурван жил зэрэг өөр хоорондоо уялдаагүй байдлаар хэрэгжиж байсан зохицуулалтыг өөрчилж, шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч, бусад хуульчдын тэнцүү төлөөлөл бүхий нийт 200 төлөөлөгчийг дөрвөн жил тутам нэг удаа хуралдахаар, Удирдах болох Хяналтын зөвлөл, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг мөн дөрвөн жил байхаар уялдуулан тусгажээ.
Хуулийн төсөлд нийт 22 байгууллагаас санал авч, тусгасан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яамны цахим хуудаст нээлттэй байршуулан олон нийтээс санал авч, тусгасан байна.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцууллаа. Байнгын хороо 2021 оны тавдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа төслийг хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 53.3 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй гэдэг байр суурийг илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үг хэлсэн. Төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлээгүй байна.
Эх сурвалж: http://parliament.mn/n/wrson