ШҮҮХИЙН ШИЙДВЭР АЛБАДАН ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ
Шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол болон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүхийн захирамж гарсанаас хойш тогтоосон хугацаанд хариуцагч тал төлбөрөө сайн дураар төлөөгүй тохиолдолд төлбөр авагч шүүхэд, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргаснаар болон шийдвэрийг даруй биелүүлэх шаардлагатай гэж шүүх үзсэнээр , шүүх 7 хоногийн дотор албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарган шүүхийн гүйцэтгэх хуудас бичнэ. Албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарснаас хойш 7 хоногийн дотор албадан гүйцэтгүүлэх тухай төлбөр авагчийн хүсэлт,шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас болон шаардлагатай бусад материалыг хавсарган шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлснээр шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлнэ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь хавсаргасан материалуудад үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэхээс өмнө төлбөр авагч талаас гаргуулж ажиллагаа дууссаны дараа төлбөр төлөгч талаас гаргуулан авч төлбөр авагч талд олгоно.
Төлбөр төлөгчтэй уулзаж шүүхийн шийдвэр, тогтоол биелүүлэх мэдэгдэл гардуулна.Хэрэв төлбөр төлөгч ирж уулзахгүй байвал бүртгэлтэй хаягаар нь очиж мэдэгдлийг гардуулна. Бүртгэлтэй хаягандаа байхгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг эрэн сурвалжлах албанд гаргана. Шүүхийн шийдвэр,тогтоол биелүүлэх мэдэгдэл гардуулаад төлбөр төлөгч тал төлбөр төлөх хугацаа хүссэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчтэй хугацаа тохирч болно. Заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд:
- Төлбөр төлөгчид эд хөрөнгө байгаа эсэх талаар мэдээлэл олж авах,төлбөр төлөгчийн мөнгөн хадгаламж болон харилцах данснаас хасалт хийлгэх,эд хөрөнгө болон биед үзлэг нэгжлэг хийх, эд хөрөнгийн битүүмжлэх албадан барьцаалах,хураах ,эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгож худалдан борлуулах зэргээр төлбөр төлөгчийн эд хөрөнгөнөөс төлбөр гаргуулах үйл ажиллагаа явуулна. Мөн төлбөр төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлогоос суутгал хийлгүүлэх эсхүл төлбөр төлөгчийн бусдад байгаа өмч хөрөнгөөс төлбөр гаргуулж төлбөр авагчид шилжүүлнэ.
- Төлбөр төлөгчийн барьцаат зээлийн гэрээгээр барьцаалуулсан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөөр төлбөр барагдуулах дараах ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч хэрэгжүүлнэ.
- Эд хөрөнгө байгаа газар үзлэг нэгжлэг хийж тухайн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураах, бусад этгээдэд хадгалуулах болон худалдан борлуулах ажиллагаа явуулна. /Орон байр,эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх,эд хөрөнгөд үзлэг нэгжлэг хийхдээ хэрэгт хувийн сонирхолгүй хоёроос доошгүй гэрчийг оролцуулна/. Хөдлөх эд хөрөнгө олдохгүй тохиолдолд тухайн эд зүйлийг эрэн сурвалжлуулах эсхүл өмчлөгчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргана.
- Албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаа.
- Албадан дуудлага худалдаа зарлахын өмнө төлбөр төлөгч болон төлбөр авагч талуудаас тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг заавал авна. Хэрэв талууд үнийн санал дээр зөрчилдвөл шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээний байгууллагад хүсэлт гаргаж үнэлгээ тогтоолгоно.
- Нийт 2 удаа албадан дуудлага худалдаа зарлах бөгөөд эхний албадан дуудлага худалдааг үнэлгээний байгууллагаас гаргасан үнийн дүнгээр зарлаж талуудад дуудлага худалдаа явуулах цагийг мэдэгдэнэ. Үнийн санал ирээгүй тохиолдолд тухайн үнийн 75 хувь эсхүл 50 хувиар тооцож 2 дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулна. 2 дахь дуудлага худалгаар мөн адил үнийн санал ирээгүй тохиолдолд төлбөр авагч талаас тухайн үл хөдлөх эд хөрөнгийг төлбөртөө тооцуулан авахыг санал болгоно. Төлбөр авагч хүлээн зөвшөөрсөн тохиолдолд төлбөр авагч нь үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх тухай хүсэлт гаргана. Тухайн хүсэлтийг холбогдох материалуудтай хамт дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлээд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн гэрчилгээ авна.
Ингэснээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болж төлбөр авагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаалгах тухай хүсэлт гаргаснаар шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагаа хаагдана.