ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ БОЛОН ХАМТ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХИЙГ ХЭЛЭЛЦЭВ
Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр боллоо. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Улсын Их Хурлаас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр баталсан Өмгөөллийн тухай хууль, Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд нийцүүлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцууллаа. Байнгын хороо 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа төслийг хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 53.3 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Эх сурвалж: http://www.parliament.mn/n/wrson