УЛААНБААТАР ХОТЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГО ЭРХЭЛСЭН ТҮР ХОРОО БАЙГУУЛЛАА
Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган 2021 оны тавдугаар сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад 40 гишүүн ирцэд бүртгүүлснээр цахимаар эхлэв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулав.
Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан нарын 23 гишүүнээс 2021 оны тавдугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2021 оны тавдугаар сарын 27-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.
Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны тавдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулжээ. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасныг баримтлан төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн асуулт асууж, хариулт авсан. Дараа нь тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулсан. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх эл саналыг дэмжсэн тул төслийг дэмжих санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 39 гишүүний 51.3 хувь нь дэмжснээр “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав.
Эх сурвалж: http://www.parliament.mn/n/5yson