МОНГОЛ УЛСАД БАЙНГА ОРШИН СУУХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ГАДААДЫН ИРГЭД ГАРАХ-ОРОХ ВИЗ МЭДҮҮЛЭХ ШААРДЛАГАГҮЙ БОЛЛОО
Монгол Улсад удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн манай улсаас гарах бүрдээ “гарах-орох” зориулалтын визийг авч байсан нь гадаадын иргэдэд багагүй хүндрэл үүсгэж байсан. Харин Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь заалт буюу “Виз нь орох, дамжин өнгөрөх зориулалттай, Монгол Улсын хилээр нэвтрэх зорилгыг агуулсан ангилалтай, нэг, хоёр, олон удаагийн гэсэн төрөлтэй байна” гэсэн заалт 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан “гарах-орох” зориулалтын визийг халж, Монгол Улсад албан болон хувийн хэргээр байнга оршин суугч, хоёр болон олон удаагийн визтэй гадаадын иргэн нь оршин суух зөвшөөрлийн хугацаандаа гараад буцаж ирэх тохиолдолд гарах-орох виз мэдүүлэх шаардлагагүй боллоо. Өөрөөр хэлбэл оршин суух зөвшөөрлийнхөө хугацаанд дахин виз мэдүүлэх шаардлагагүйгээр оршин суух үнэмлэхээ үзүүлээд хилээр нэвтрэх боломжтой болж байна.
Эх сурвалж: https://mojha.gov.mn/newmojha/?p=5424