СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБОО ГАЗАР АШИГЛАХ ЭРХ ОЛЖ АВАХ
Сууц өмчлөгчдийн холбоонд нийтийн зориулалттай орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон зүлэг, мод, бут, сөөг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний болон автомашины зам, машины зогсоол зэрэг барилгын нормын дагуу баригдсан байгууламжийг арчлан хамгаалах зорилгоор орон сууцны байшингийн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн хуульд заасны журмын дагуу тодорхой болзолтойгоор гэрээний үндсэн дээр ашиглуулна.
Сууц өмчлөгчдийн холбоо нь газар ашиглах эрх олж авахад дараах материалыг бүрдүүлнэ.
- Газар ашиглах тухай хүсэлт
- Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээний хуулбар
- Сууц өмчлөгчдийн холбоог бүртгэсэн сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын тодорхойлолт
- Ашиглахыг хүссэн орчны газрын зориулалт, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг
Хүсэлт болон холбогдох материалыг харьяалах аймаг, нийслэл, сум, дүүргийн газрын албанд гаргах бөгөөд газар ашиглуулах шийдвэрийг харьяалах аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ.
Сууц өмчлөгчдийн холбоонд газар ашиглуулах Засаг даргын шийдвэрийг үндэслэн газрын асуудал эрхэлсэн алба, газрын даамал нь сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захиралтай газар ашиглуулах гэрээ байгуулна. Газар ашиглуулах гэрээнд дараах зүйлийг тусгана. Үүнд:
- Газар ашиглуулах үндэслэл;
- Ашиглах газрын зориулалт;
- Газрын хэмжээ, байршил, заагийг харуулсан зураг;
- Газрын төлөв байдал, чанарын үзүүлэлт;
- Газар ашиглуулах хугацаа;
- Талуудын эрх, үүрэг, хүлээх хариуцлага;
- Газрыг хамгаалах, нөхөн сэргээх талаар хийх ажил;
- Газрыг хүлээн авсан тухай акт;
- Шаардлагатай гэж үзсэн бусад зүйл.
Сууц өмчлөгчдийн холбоонд газрыг ашиглуулах хугацаа нь 15 жил байна. Уг хугацааг тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хугацаанд 15 жилээр хэдэн ч удаа сунгаж болно.
Сууц өмчлөгчдийн холбоо нь газар ашиглах хугацаандаа дараах эрхийг эдэлнэ. Үүнд:
- Гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах.
- Газарт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр тогтоосон журмын дагуу нөхөн төлүүлэх.
- Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах.
Сууц өмчлөгчдийн холбоо нь газар ашиглах хугацаандаа дараах үүрэг хүлээнэ. Үүнд:
- Газар ашиглах гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх
- Газрын үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий багууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх
- Бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх.