ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ МОНГОЛ УЛСЫН КОНСУЛЫН ГАЗАР НЭЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ТОГТООЛЫН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИВ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2020 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах Засгийн газрын саналыг зөвшилцөн, дэмжиж шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Дипломат албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасны дагуу дээрх шийдвэр, АНУ-ын зөвшөөрлийг үндэслэн тус улсын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг боловсруулан Улсын Их Хурлын даргад өргөн барьсан байна.
АНУ-д зорчих болон ажиллаж амьдрах, суралцах манай иргэдийн тоо жил бүр нэмэгдэж, одоогийн байдлаар 30.000 орчим монгол иргэн тус улсад оршин сууж байгаагаас 10 мянга орчим нь суралцаж байна. Монгол иргэд АНУ-ын зүүн эргийн Вашингтон хот орчим (6000), төвийн бүсийн Чикаго хот орчим (8000), баруун эргийн Лос Анжелес (2000), Сан Франциско (4000), Сиэтл (1500) хотод тус тус олноор төвлөрөн суурьшдаг. Баруун, зүүн эргийн хотуудад амьдарч буй монгол иргэдэд консулын үйлчилгээ хүрч байгаа боловч АНУ-ын төвийн бүсэд, тодруулбал Чикаго хот орчим оршин суугаа иргэдэд консулын үйлчилгээг ойртуулах хэрэгцээ шаардлага үүссэн гэж үзжээ.
Элчин сайдын яамнаас Чикаго хотод консулын үйлчилгээ үзүүлэх үед Индиана, Висконсин, Мичиган, Миссури, Миннесота ээрэг залгаа мужид оршин суугаа монгол иргэд олноор үйлчлүүлнэ гэж төсөл санаачлагчид үзсэн байна.
Шинэ Консулын газар нээснээр санхүү, төсвийн ямар нэг нэмэлт зардал үүсэхгүй бөгөөд Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газрын орон тооноос шилжүүлэн ажиллуулахаар болжээ.
Эх сурвалж:http://www.parliament.mn/n/kwzyn