“ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ” ТУХАЙ ХУУЛИАС

Уг хуулийн зорилт нь Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /ковид 19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдох харилцааг зохицуулахад оршино.

Уг хуулийн үйлчлэлд дараах хүн, хуулийн этгээд хамаарна.

1. 2017-06-30-ны өдрийн 24:00 цагаас өмнө 2002-01-03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн;

2.2021-06-24-ний өдрийн 24:00 цагаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн;

3.2021-06-24-ний өдрийн 24:00 цагаас өмнө Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн.

Харин өмнө нь өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй.

Өршөөл үзүүлэх тухай хууль нь 5 бүлэг 13 зүйлтэй бөгөөд дараах бүлгүүдээс бүрдэнэ.

1. Нэгдүгээр бүлэг: Нийтлэг үндэслэл;

2.Хоёрдугаар бүлэг: Өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ, хэмжээ;

- Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх;

- Зарим хугацаа болон эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох;

- Ялаас өршөөн хасах;

- Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих;

- Зөрчлийн болон бусад шийтгэлээс чөлөөлөх, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох;

3.Гуравдугаар бүлэг: Өршөөлд хамааруулахгүй нөхцөл

- Өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөл;

- Өршөөлд хамааруулахгүй зөрчил, шийтгэлийн төрөл, албадлагын арга хэмжээ;

4.Дөрөвдүгээр бүлэг: Хохирол, хор уршгийг барагдуулах, нөхөн төлөх, үр дагаврыг арилгах

- Хохирол барагдуулах, нөхөн төлөх;

- Хууль хэрэглэх, хууль хүчин төгөлдөр болох

- Хууль хэрэглэх журам

- Хууль хүчин төгөлдөр болох хугацаа.

Өршөөл үзүүлэх тухай хуулийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

Эх сурвалж: http://www.parliament.mn/n/sczyn